Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-09-01
Чиний чимээнээр бяцхан тойром зайрмагтаж...
1409550600

Ай шаргалхан намар минь. Чиний дуу чимээ, өнгө үзэмж юутай үзэсгэлэнтэй намуухан бэ. Чи миний төлөө ирж, харин би чиний төлөө төрсөн юм шиг л юу юугүй догдлох. Чиний нэгэн өдөр л би хамгийн ихээр хөөрч шинэ цүнхээ үүрээд, шинэ дүрэмт хувцасаа өмссөн чигээрээ унтах дөхдөг байлаа. Алиахан хонгорхон, гэнэн цагаахан дэрэвгэр насыг минь навчистайгаа хамт хийсгэж орхид харин дурсамжийг минь өнгө шигээ шаргалханаар зүрхэнд минь хадгалсан намар цаг минь.

Чиний чимээнээр бяцхан тойром зайрмагтаж
Чиний чимээнээр нүүдлийн шувууд буцаж
Чиний навчисны чимээтэй хамт
Миний нулимас урсаж
Чиний нэгэн шаргалхан өдөр
Би гунигаа үүрч үлдээд Эцгээ үүрд үдсээн

Гэвч би чамд гомдоогүй ээ. Ирэх бүртээ чи надад ухаарал, дурсамж, гуниг гэмшил сануулдаг. Арван хэдэн насны армагхан он жилүүд минь ч намар чамтай холбогддог. Анхы хайрын зэлэнд аргамжуулчихаад өвсний нахиа шиг өсөж буй өөвгөрхөн шар хүүг битүүхэн харуулдан сургуулийн хонхны чимээг хүлээдэг байлаа.

Алтанхан намар минь
Жавар татуулан чамайг ирэхэд л би
Намайг гэсээр эжий минь
Нэмгэн дээлтэй жиндэх вий гэж зовнидог

Аргамагхан намар минь
Алсын гэгээг холдуулан чамайг ирэхэд л би
Анх удаа хайрын тухай бодож
Утасны шон дээрх шувуудад үгээ нууцаар шивнэн
Зүрхээ сулладаг байлаа

Чиний навчисны чимээнээр л би
Хурууны минь хээ арилж бэх нь хатсан үзгээ санадаг
Чиний салхины сэрчигнээнд би
Үгийг минь тамгалаж үлдэх гэсэн
Өнгө нь цагаан цаасыг санадаг

Ай ахин дахин, өчнөөн олон жил зүрх сэтгэлд минь өөр өөр өнгөөр уусан, урсан, уйлан, дуулан, хайлан хайрлан, хайран, энэрэн ирэх намар цаг минь чи вутай нууцлаг вэ.

Чиний бороонд би өөрийхөөрөө норж
Чиний дуунд би өөрийхөөрөө уярч
Чиний цаг хугацаанд би өөрийхөөрөө амьдарч
Чиний царай зүснээс би өөрийгөө олж хардаг




Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax