Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-06-15
Хаданд гарсан амьд бус харилцаа
1434360950    
      Би их азтай хүн юм. Хамгийн сайхан хүн хоорондын харилцаатай, халамжтай сэтгэлтэй бас энэрэлтэй тусархаг үед төрж өсөж өндийж хүн болжээ.
     Одоо хэлд орж амжаагүй атлаа л гар утсаар интернет орж "энглишээр" хүүхэлдэйн кино үзээд дуу сураад байгаа хүүхдүүдийг хараад санаа зовох. Тэд аль хэдийн амьд харилцаа гэдгийг үзэхээсээ өмнө, ухамсраараа мэдэрхээсээ өмнө шууд л амьд бус харилцаанд шилжиж байна. 
     Бага байхад хажуу айлаас лаа, утас зүү гээд л хэрэгтэй зүйлээ асуухын тулд заавал гэрт нь гүйж орно. Тэднийх өнөөдөр ямар хоол хийж идэж байна. Аав нь байна уу ээж нь байна уу, зочинтой байна уу үгүй юу гээд л. Аз жаргалтай харагдаж байвал тэр мэдээг гэртээ ирж дуулгана. Хөршийх маань амгалан тайван байгаа тухай мэдээд сэтгэл санаа тайван сайхан. 
     Зун эмээгийнд очсон үед эмээ маань саахалтын ажааг ирж цай уу гэж хэлээд ир гэж гүйлгэнэ. Саахалтын хотонд юу болж буй тухай мөн л мэдээллийг амьд харилцаагаар авна. айлын ах агсам тавьж авгай хүүхэдээ зодож байвал гүйж ирээд хэлнэ. Манай хотны ах нар өнөөх агсраа ахыг номхруулж амгалан тайванг тогтоохоор явна. Айлын ажаа  даралт нь ихссэн бол мөн л гүйж ирж хэлээд эмээгийн эмнээс аль тус болохыг нь бариад буцаад гүйнэ. Айл хөрш, саахалт ах дүүсийн хооронд амьд харилцаа халуун дулаан энэрэл тусламжаар үргэлжилнэ. 
     Харин одоо...Хөршөөсөө юм гуйх бараг л хэрэггүй. Ойрхон дэлгүүр хоршоо орой үдэш нээлттэй. Зайлшгүй асуух хэрэг гарвал утсаар залгана. Байхгүй гэж айлын хүн хэлсэн л бол харилцаа тэгээд л дуусна.  Байгаа бол мэдээлэл солилцсон тэрхэн үед өгөлцөж авалцаад л өнгөрнө.
     Угаасаа нийгэм өөрөө тийм тусгаарлагдсан хүйтэн хөндий бас хурдан хуумгай болчихсон. Хот гэлтгүй хөдөө ч эргүүлгэд орж эхэлсэн. Мэнд мэдэхээр морио эмээллээд зорин очих шаардлагагагүйгээр сүлжээнд орон утсаар яриад л болоо. Харилцаа тэгээд л дууслаа. Тэр хүн ямар нэгэн асуудалтай гуньж гутарсан уйлсан хайлсан эсвэл баярласан эсэхийг утасны цаанаас хэн ч үл мэднэ. 
     Уйлсан бол уйлснаараа, инээсэн бол инээснээрээ. Зовлон жаргалаа хуваалцах амьд харилцаа үл үүснэ. Олон нийтийн сүлжээгээр хүмүүс хамгийн гоё, хамгийн сайхан, хамгийн жаргалтай зургаа олонд түгээнэ. үүний цаана түүний, үүний, миний, чиний, бүгдийх нь амьдралд халуун дулаан бодит харилцаа үгүйлэгдэж байгааг бүгд мэднэ. Гэвч...гэвч тэр харилцаа лайк, коммент чатаар хийсвэрээр нөхөгдөнө.
     Дөрвөн ханаас тусгаарлагддаг амьд харилцаа одоо үл үзэгдэх технологийн хөгжлөөр тусгаарлагдаж байна. Энэ юунд хүрэх, энэ өсч байгаа хүүхдүүд амьд харилцаагүйгээр ямар хүн болж өсөх нь яг л өнөөх зөгнөлт кино шиг нүдний өмнүүр урсана.  
Сэтгэгдэл:


Харин тийм ээ. Завгүй нэрээр, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж чадахгүй, нэг юмны цаанаас бичээд л сууж байна дөө. Ядаж хоолойг нь сонсоод утсаар ярьсан нь бас нэг алхам амь л даа тээ... Юм бодогдууллаа баярлалаа.
Бичсэн: xvv цаг: 00:50, 2015-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax