Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-12-3
АМЬДРАЛ БОЛ "АТУУСНЫ" БУУДАЛ
   5b54a269f03b0b3166e612d890f08182
  Амьдралын минь өглөө бүхэн, орой бүр автобусны буудал дээр өрнөх олны амьдралын дундуур зүсэн өнгөрч заримдаа уусан нэгддэг. Гэрээс ажил, ажлаас гэр хүртэл алхдаг замд минь 4 автобусны буудал бий. Энэ 4 автобусны буудал хоорондох газар жилийн 4 улиралд хэрхэн өөрчлөгдөж, ямар үйл явдал хэзээ хэзээ хаанаа яаж өрнөдөгийг  өнгө будаг үнэртэй нь мэддэг болоод байгаа.

     Энгийн ард ч бай эрхэм дээдэс ч бай, элит, баян, ядуу, дундаж, элийрэгч, архичин, гуйлгачин хэний ч амьдралыг энэ 4 буудалын дундаас тольдож болмоор. 
     Хөл хүнд орцны жижүүр эгч огтоос түүртсэн шинжгүйгээр хамгийн сүүлийн шатаа угаагаад дуусаж байхтай нь би ажилдаа гарахдаа яг тааралддаг.  Дөнгөж арчсан нойтон шалтай цахилгаан шатанд суух жаахан хэцүү. Эгч инээмсэглээд зүгээрээ л гэнэ. Харин оройд түүний охины бойтогны хонхы дуу цайлган инээдтэй нь хамт цангинахтай тааралддаг. Өвөл болоод хүйтэнээс сэргийлж эсгийгээр хаалгаа дулаалсан учир зуныхаас бүдэг сонсогддог болсон. 

     Орцны булангаар тойроод  ээж аавдаа тэврүүлэх нь тэврүүлж хөтлүүлэх нь хөтлүүлсэн хөөрхөн хүүхдүүд цэцэрлэгээ зорьно. Гэрийн хувцастай нүүрээ будаагүй ээжүүд голдуу тааралдвал би ажилдаа хоцорч байгаагийн шинж бөгөөд ажлын хувцастай аавууд голдуу хүүхдээ тэврэн яаран алхаж байвал би ажлаасаа хоцроогүйн дохио.
     Автобусны буудал дөхөхөд оргилуун дарсны хөөс шиг л хүмүүс автобуснаас "урсана". "Өглөөд бууя аа хөөе буулгаачээ" гэж хашгирах дуу автобуснаас нүргэлдэг бол оройд "сууя аа зогсоорой сууж дуусаагүй байна" гэх дуу тэр хавиар нэг тархдаг.

    буудалаас буудалын ойролцоох зарим нэг өнцөг дээр айхтар мөсөн дов байсан юм. Нэг эмээ, бас нэг эгч, сургуулийн жаал гээд олон хүн тэр мөсөн "давааг" давж чадахгүй ойчиж байхтай би таарсан. Саяхан ид хүйтэний үеэр ТҮК- ийн ажилтан ах бээлийгүй гараараа сүх барин тэр мөсийг хага хага цохин цэвэрлэж байсан. Хүмүүс дааран өнгөрч байхад тэр ах л хөлс нь бурзайчихсан үзэж дарж байв. Сүх нь модон иштэй учир гарыг нь хайраагүй байх. Хөдөлмөрлөж, хөдөлж байгаа хүн хэзээ ч даарч хөрдөггүйн сайхан жишээ. Дахин тэнд хүн ойчоогүй гэдэгт итгэлтэй байна.
     Хүнсний дэлгүүр цайны газрын гадаа ажилчид нь бөөгнөрөн эзэнээ эсвэл хэн нэгэн ирж ажлын байраа онгойлохыг хүлээн дороо дэвхцэн зогсоно. Амьдрал бол атуусандаа амжиж сууж ажилдаа амжиж орж хуруугаа "хийх" цаг хугацаа. 

      Оюутны байрны харгалдаа байдаг бүх пиво 2800 гэсэн уушийн газрын үүдэнд өглөө бүр нэг жижиг тэрэг зогсоно. Дотор нь залуу бүсгүй хоёр нэг нэгнээ дэрлээд унтаж байна, заримдаа тэврэлдээд их л халуун нялуун сууна. Анх гохх гээд хоёулаа унтаж байхад нь харсан юм. Аан тийм тэр үед машин нь асаалттай байсанд гохх гэж унтах биш харин  угаартсан юм биш биз гэж санаа зовоод өнгөрсөн ч маргааш нь дахиад  машиндаа сэрүүн сууцгааж байгааг хараад тэр хавьд шөнийн ээлжтэй ажилтай эсвэл  ажилдаа ирээд цагаа хүлээж суудаг байх гэж дүгнэв.
     "Үзэсгэлэнт усан хөшигтэй" гүүрний булан дээр жижиг зүйл зардаг ахыг зун нээх их анзаардаггүй байсан чинь одоо зузаан хувцастай болоод их л сүрлэг том хүн харагдана. Тэр ахын гутал л хамгийн дулаахан харагддаг. Гэхдээ өдөржин тэгж зогсох шалтгаан нь өөрөө АМЬДРАЛ. Өглөө эрт аль хэдийн "ажлын байрандаа" ирсэн харагддаг ч оройд явчихсан байдаг. Өглөөд орлого ихтэй байдаг байх. 
     Гүүр гялгар пилтаатай. Байнга хальтардаг болохоор хальтарч даваад цаашаа чөлөөт нислэг хийчих вий дээ гэж болгоомжлоод хөл мост, араа энэ тэрээ мааш сайн хийж гүүр давдаг. Зунд өнөөх алдарт усан хөшиг намирч байна уу гэж үргэлж хардаг байсан бол одоо бол бүүр мартан пад. 
      
     Ууган төрх буюу нэгдүгээр төрх ойртож ирэхээр их гоё. Хоол цай барьсан хацарт нь улаа тунарч, амьсгаа нь дээрдэн тэр хэрээрээ цан хүүрэг савсуулсан аавууд голдуу гүйлдэнэ.
Дулаан үед эмнэлэгийн ажилтан бололтой цайвар өнгийн оймс, дотор өмсдөг цагаан углааштай хүмүүс гудманд алхаж тааралддаг байсан бол өвлөөр тэд гутлаа өмсөөд харин халаадтайгаа ТҮЦ-ийн эргэн тойронд гүйлдэж байдаг. Эмнэлэгийн ажилтануудын углааш халаданд бохир наалддаггүй байх л гэж ойлгодог юм. Тэгсэн атлаа гадуур хувцастай дотогш оруулахгүй гэж намжирддаг нь үзэл бодлын бас нэг сонин үзэгдэл. 
     Цан хүүрэг гэснээс их хүйтэнд хүн бүр өөр өөрийн гэсэн дүрс хэлбэр, нимгэн зузаантай цан нүүрэндээ үүсгэн яаран алхах нь гудамжаар дүүрэн өвлийн өвгөн эмгэн, хүүхэд залуучууд гүйлдээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Малгайн доороосоо, ороолтон дээгүүрээ үсээ гаргасан хүмүүсд их марзан цан үүснэ ээ. Хүйтэнийг умартан алхахад хөгжил нэмдэг юм. Өөрийгөө бас ямар харагдаж байгаа бол гэхээс л инээд хүрээд байдаг юм.  Цан хүүргээ савсуулж аахилж уухилсаар ажилдаа орох ч урамтай ч сүртэй ч. 
ГХЯ-ны баруунтаах эсрэг талын зам дээр замын цагдаа нар жаахан нуугдасхын зогсож байдаг юм. Төв замаас урагшаа эргээд л гарч ирсэн машаануудыг алаг модоороо даннн гээд л зогсооно. Надаас өөр хүн тэнд цагдаа нуугдаад зогсож байдгийг мэддэггүй байх аа.
 
     Тэр замын гэрлэн дохио байсхыгээд л эвдэрнэ. Тэр тохиодолд замын яг голд зогсож байгаа цагдаагийн гарын хөдөлгөөнийг хараад мод болтлоо хүлээнэ шүү дээ. Амнаас уур яндангийн утаа шиг л уугингуутаа хөлдөнө. Талбайн урд талын автобусны буудалын баруунтаа нэг эмээ мөн л жижиг зүйл заран сууна. Өвөл ч тэр зун ч тэр. Үүнээс манай улсын эмэгтэйчүүд ямар их "ачаа үүрч" амьдрал өөд зүтгэдэг нь харагддаг юм. Зуны оройд ганц нэг эмээд хань болон хажууд нь ярьж зогсож харагддаг бол өвлийн хүйтэд найзууд нь гэрээсээ гарч ирж төвддөггүй байх. 
     Талбайгаас  урагшаа явдаг явган хүний зам их хөгжилтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явдаг зориулалтын замын цасыг ерөөсөө арилгаагүй. Тэр бол мөсөн гулгуур. Сахилгагүй жаалууд орой тэр замаар алхах биш гулгаж яваа харагддаг юм. 
       Ийгл телевизийн харгалдаа хойхно замын эсрэг талын жижигхээн зайнаас нар утаа униаран дундаас дөнгөж ёлтойж харагддаг. 
Төв номын сангийн хажууханд жин үзэж мөнгө олдог өвөө суудаг юм. Зуны халуун наранд борлоод  Монгол дээлээ эгэлдрэглэн хүрлийн суудаг өвөө өвөл даарч хөхөрч сууж харагдахгүй байгаад баярлаад байгаа юм. Нэг ч гэсэн настай хүн гэртээ дулаахан сууг дээ.   

     Номын сангийн урдуур өнгөрөхдөө ёс юм шиг Ренчин гуайн хөшөөтэй би харц тулгардаг юм. Мөн автобусны буудал өглөөд сэлүүхэн байдаг бол эсрэг талын автобусны буудал оройд хөл гишгэх зайгүй байдаг. 

     Ажлаасаа үл ялиг хоцрох цагийг маань нэлээд хугацаагаар сунгадаг зүйл бол төрийн түшээд маань ажилдаа морилох мөч. Тэдэнтэй таарвал, тэнд зогсдог цагдаа ах "байжээ байжээ, зогсжээ" гээд л хашгирвал тэгээд л хүлээхээс өөр, хоцрохоос өөр замгүй. Нэгэн бодлын төрийн удирдагчидтайгаа хамт ажилдаа морилож байхад надад нээх их гэм халдмааргүй ч юм шиг санагддаг юм. Адилтай бол адилтай годилтой бол годилтой гэдэг шиг. Гэхдээ л "мууг дагавал могойн хорлол" гэдэг сүрхий үг бий. 

     Явж өнгөрөнгүүт нь зам гараад л хурдаараа гүйнэ. Харин оройд би тэдэнтэй ерөөсөө таардаггүй юм. Тэд эрт явж би оройтдогтой холбоотой. Оройд бол тэгээд л өглөөний үзэгдэлийн өнгө нь солигдоод харуй бүрийгээр үргэлжилнэ.


      "Өөрийн чиглэлийн атуусандаа амжиж багтаж сууна гэдэг чинь алаан байхгүй юу"  Би эмээгийн хэлдгээр шээсний газарт атуус хүлээж даарч, атуусанд амжихгүй үлдэж, атуусанд түгжирч цаг алдаж байхаар алхчихъя алхчихъя, эрүүл мэндэд ч тустай. Шинэ жилд орж нээх шальдаггүй ч бусад хүүхнүүдийн жишгээр шинэ жилээр хувцаснаасаа мах булцайлгаж болохгүй.  Хямралын энэ үед юун яасан фитнест мөнгө үрэх, хар хүйтэнд юун яасан хоолоо сойх. Ядарч туйлдаж гүйцнэ. Яршиг өө зүгээр үнэгүй фитнес хийгээд алхаад л турчихая . Хажууд зэрэг хөдөлсөн атуус ард л түгжирч байхад би гэртээ харьчихна гээд л  гороолчихдог хүн.
 Атуус даашинз хоёрт багтах гэж  алаан болдог нь яалт ч үгүй үнэн юм чинь.
 
Тиймээ амьдрал ерөөсөө л автобусны буудал. Буудалаас буудалын хоорондох үйл явдал юм. 




Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant