Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-6-11
Дэлхийг тээсэн сумын наадам
843e0974110bc617big 
Хүчит бөхчүүдийн хөлөөр чулуу займчин бяр хангагдаж

Хурдхан түрүүлэхийн хүслэнд унаач жаалууд нойргүйдэж 

Морьдынхоо уяа сойлгоор ухаан ноцоосон уяачид

Монгол төрийн наадамдаа хусуураа зэхэн тамхи нэрнэ

 

Бадамлах зулын гол шиг шунхан улаан наран

Манай бумбан сумын зулайг угаан мандахад 

Хөхүүрийн бүлүүр мэт хурдан морьдын төвөргөөн 

Хүүхэд насны минь наадмын өглөөг сэрээдэгсэн

 

Аавын шинэ дээлэнд ээжийн хайр шингэж

Ах нарын савхин гутланд залуугийн омогшил жийгдэж 

Эгч бид хоёр наадмын хуушууранд яарсаар 

Эрх бага насны минь сумын наадам эхэлдэгсэн 



Наамдын талбайгаас хальж түмний манлай эгшиглэхэд

Манай сумын төвд л дэлхий бүтнээрээ багтаж

Төрийн соёмбот туг салхитай өрөлдөн дэрвэлзэхэд 

Түмний манлай бөхчүүдийн давааны уухай цангинадаг



Нойтон хомоолын уураар зуны ялаа ирвэгнэж

Норсон хөмөлийн үнэрээр эмээгийн магнай тэнийж

Морьд ирэх дуунаар хотлоороо сортолзон үймэлдэхэд

Морь унаачдын ээжүүд цайгаа тэврэн гүйлддэг 

 

Түрүүлсэн хүлгийн нуруугаар дурсамж шиг хөлс урсаж

Туурайт хөлийх нь булчин аянга адил чивчирж

Саяхан шуураад намдсан салхи адил хүч чадал

Сайн барилдаж түрүүлсэн бөхийн цолд  шингэдэг

 
Уяач байлаа гэмээнэ өөрөө ташуурдаад уралдмаар

Бөх байлаа гэмээнэ өөрөө өрөөд дэвмээр

Харваач байлаа гэмээнэ сумтайгаа хамт эрчлэх

Аагтай халуун  сэтгэл л  аавын минь цээжинд буцалдагсан 

 

Ардынхаа дунд л огшин, Аавынхаа дуунаар л омогшдог байсан

Манай сумын наадам миний зүрхний наадам аа

 
Сэтгэгдэл:


Баярлалаа. Багаадаа хайртаййй
Бичсэн: ulaankaa цаг: 12:07, 2016-6-14 | Холбоос | |


Сумын наадам нүтэнд үзэгдэх шиг боллоо сайхан бичжээ
Бичсэн: Багаа нь (зочин) цаг: 05:10, 2016-6-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant