Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-06-24
"Сонго Уйл"-д чөдөрлөгдсөн Сонголт
13428003_1052141734867406_3600242893322382666_n
     Хамт сурдаг байсан гадаад найз маань асууж байна. Танай улсад зун болоод дулаараад гоё байна уу гэж. Учир нь хамгийн сүүлд мэнд мэдэлцэхдээ би үргэлж л хүйтэн, цаг агаар муу байгаа тухай бичжээ. Ууланд явсан, цэцэг навчин дундах зургийг маань хараад зун болж дулаарч сайхан байгааг харжээ. Би ч үзэсгэлэнт сайхан эх оронд минь үүрийн гэгээ шиг зун айлчилж, бороо хэрхэн асгарч орж байгаа тухай, Хөхөө хэрхэн уянгалаар донгодож, өглөөний тунгалаг нарнаар болжмор хэрхэн жаргалтайгаар жиргэж байгаа тухай, цэцэгтэй даашинз, өндөр өсгийтөөр гоёод, болзоонд явж, найз охидтойгоо хамт хэрхэн хөгжилдөж, дуулж бүжиглэж байгаа тухайгаа, өдөр шөнө ялгахгүйгээр амралтын өдрүүдийг зөвхөн бичиж байгаа номдоо хайр найргүй зориулж байгаа тухайгаа гээд л сонин хачин дуулгаад хамгийн төгсгөлд нь МАНАЙ УЛСАД ДАЙН БОЛЖ байна гэж хэлэв. Найз маань шууд утгаар ойлгож тэнд бараг л дэвхэрч байгаа нь илт. Тайван бай найзаа энэ бол ердөө л үзэл сурталын дайн гэж хэлэх хүртэл тэр минь надад ямар их санаа зовсон гээч.

     Тиймээ манай улсад "Дайн" болж байна. Үзэл бодолын доройтол, улс төрд дурлагчдын уналт, оюуны  үхжилтийн дайн болж байна. Эрх мэдлийн төлөөх, Эрх ашгийн төлөөх, Эцсийн эцэст мөнгөний төлөөх дайн болж байна. Үхэр толгойтой зарим хүмүүс үүний төлөө бух шиг нүдэнд өртсөнөө устган зүтгэж байна. Үүнд сонгууль  гэдэг үг үнэндээ огт хамаагүй. Зөвхөн сонголт гэдэг гортигийн төлөө нэг нэгнээ биш өөр бусдыг үгээр, үзгээр, доромжлолоор алж байна. Хамгийн аймшигтай нь сонгогдох нэгэн нь ч биш, сонгогдоогүй үлдэх нэгэн нь ч биш энэ дайнд зөвхөн сонгох эрхтэй энгийн ард иргэд алагдаж байна. Хиймэл эрхээ мод шиг тайруулж байна.

     Хойч үе маань томчууд нэгнийгээ яаж муулж, яаж доромжилж, хэрхэн жүжиглэж, хэрхэн худлаа инээж, хэрхэн мөнгө буруу аргаар олж, хэрхэн юм бүхнийг мөнгөөр худалдаж авч болдог болохыг бодит байдлаас харж сонсож олж мэдэж төлөвшиж байна. Тэднийг өнөөгийн хүүхдүүд гэж ирээд л элдвээр хэлэх эрх ямар ч дунд насныханд байхгүй. Тэд дараагийн сонгуульд нэр дэвшээд явж байхад нь буруутгах эрх ч хэнд ч байхгүй. Учир нь өөрсдөө тарьсан үрээ хурааж байна л гэж ойлго.

      Дөнгөж даль жигүүрээ дэвээд нисэх гэж байгаа ангаахай шиг чухал насанд нь хар толбо суулгаж байна. Юу ч бодохгүйгээр. Амьдралынхаа хамгийн чухал сонголтоо хийж байгаа ахлах сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт нь будлинтай болоод, хэн нэгэн нөхөр мөнгөний нүдээр хүүхэдүүдийн хувь заяанд гай болж байгаа энэ дүр зурагт төдийлөн анхаарлаа хандуулахгүй байгаа нь энэ дайны хөлд нэрвэгдэж буй гол чухал асуудалуудын нэг.

Хэсэг бүлэг мөнгөтэй хүмүүс төрийнхөө суудалыг худалдаж, наймаалцаж, хүний оюун тархиар бөмбөг хийж хоорондоо өнхөрүүлж тоглож байх хооронд, хэн ч болж амжаагүй хүмүүс тэдэн шиг болохын төлөө хамаг байдгаа хуурайлж тархи угаадаг хорт жор зохиож байх хооронд иргэд юуг алдаж байна вэ?

     Тэд итгэл үнэмшлээ алдаж байна, юунд ч итгэхээ байж, юуг л бол юуг хамгийн түрүүнд үгүйсгэж байна. Тэд амьдралын идэвхиэ алдаж байна. Юунд л бол юунд зөвхөн бусдыг буруутгаж байна. Тэд асар их боломжийг алдаж байна. Сонгуулиас сонгуулийн хоорондох эдийн засгийн эргэлт, уналт, бодлого, үзэл сурталын хоорондох хуулийн өөрчлөлт, эрх мэдэлтнүүдийн эрх ашигийн дагуух төрийн  албаны гувчуур, хүнд сурталд ажлаа, бизснесээ, амьдралаа алдаж байна. Хамгийн аймшигтай нь тэд илүү боловсрох ёстой, жинхэнэ боловсролтой болох ёстой гэсэн боловсролын суурь үнэлэмжийг мартаж байна, алдаж байна.

     Улс төржихгүй байх гэсэн чин хүслийг минь ч хорьж байна. Дайн хэнийг ч ялгадаггүйн балаг юм даа. Хичнээн хувийн байгууллага байлаа ч төрийн байгууллага царайчлах хэрэг үргэлж гарна. "Сонгууль болох гээд хойшилсон, Сонгууль болоод төр солигдох юм бол дахин дүрэм журам өөрчлөгдөнө, Согуулиас өмнө амжуулж болно. Тэдэн төгрөг өгвөл...гэсэн сонгуульд чөдөрлөгдсөн олон хариулт сүүлийн хагас жил сонслоо.

     Сонголтоороо бид эдлэх ёстой эрхээ чөлөөтэй эдэлж, амьдарч аж төрөх боломж, хэв маягаа сайжруулах ёстой болохоос биш эрхээ хасуулах, тархи хогийн сав болгуулах, ажлаа хясуулдаг үзэл сурталын дайнд нэрвэгдэх ёсгүй.

     Хоёр гурван хүний тулга тойрсон хормойн хэрүүлээс эхлээд, улс дамнасан данс муутуу хүртэл муугаас муухай, муухайгаа улцан гээд л энэ дайнд оролцоогүй эд эс ширхэг, үг үсэг алга. Манай хөгшин ээжийн хэлдэг байснаар "Хош шиг чихэлдэж, Хоормог шиг холилдоно" гэдэг л жинхэнэ утгаараа энэ байх.

      Тиймээ манайд дайн болж байна.  Хамгийн аюултай дайн болж байна. Үнэнийг мэдэх, зөвөөр сэтгэх, шудрагаар амьдрах, цагаахнаар хөдөлмөрлөх зэрэг хүний хувь төрмөл чанарыг устгах  хөнөөлт дайн болж байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax