Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-04-09
Боловсрол бол гоё цаастай бохь худалдаж авахаас өөр зүйл

552665_430318293665859_1396239172_n
Хятадад суралцсаны хувьд болон хийж буй ажлын маань хүрээнд хүмүүс Хятад улсын их дээд сургуульд суралцах талаар олон янзын мэдээлэл авахыг хүсдэг.

Тиймээс амралтын өдрийг ашиглаад ихэнх хүмүүсийн асуудаг асуултуудыг  багцлан  мэдээлэл зөвлөгөө хүргэе ээ. Хэрэгтэй хүмүүс нь хадгалаад, мөн хэрэгтэй хүмүүстээ  хүргээрэй.

БНХАУ-ын их дээд сургуулиуд Засгийн газрынхаа 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт ихэвчлэн жилд 1 удаа буюу зөвхөн 9 сард элсэлт авдаг. Тухайн сургуулиас шалтгаалан мөн 3 сард буюу 2-р улиралд оюутан элсүүлдэг.

Хятадын их дээд сургуулиуд бакалавр зэргээр оюутан авахдаа голдуу хятад хэлний мэдлэгийн төвшний оноо буюу HSK оноо шаарддаг. Оноогүй тохиолдолд эхний нэг жилд хэлний бэлтгэлд суугаад 2 дахь жилээс үндсэн ангидаа элсэж болох боловч энэ тохиолдолд 100 хувь тэтгэлэг олгох нь ховор болсон. Учир нь бакалаврын Монгол оюутнууд эхний нэг жилдээ хэлний бэлтгэлдээ сайн сурч үндсэн ангидаа элсэж чаддаггүй тохиолдол олон учир жилээс жилд шалгуур нь чангарч байдаг. Шалтгаан нь бакалаврын оюутнууд зорилгоо ухамсарладаггүй, Компьютер тоглоом тоглох, хичээл таслах, архи дарс уух зэрэг асуудал үүсгэдэг. Харин мастер болон Докторын оюутнууд хэлний мэдлэггүйгээр бүрэн тэтгэлэгт хамрагдах боломж нь өндөр байдаг. Учир нь харьцангуй нас биед хүрч зорилгодоо тууштай сайн суралцдаг. 

Хэрвээ бакалаврт 100 хувийн тэтгэлгээр суралцахад хэлний мэдлэг дутуу байвал та Хятадын аль ч их дээд сургуульд хувийн зардлаараа 1 жил хэлний бэлтгэлд суух боломжтой байдаг юм шүү. Хэлний оноо аваад дараа нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан үндсэн ангидаа орон суралцах боломжтой байдаг. Хэлний бэлтгэл нь хот сургуулиасаа шалтгаалаад 1 жилийн 8000-16000 юаны төлбөртэй бол дотуур байр нь мөн л 4000-8000 юаны хооронд байдаг.

Харин ажил хийж буй хүмүүст буюу хятад хэл сурахыг хүссэн 18-65 хүртэлх насны хүн бүхэнд зориулсан 2 долоо хоногоос эхлээд 1 жил хүртэлх янз бүр хугацаатай хэлний ангиуд ихэнх сургуульд байдаг.

Мөн Хятад улсын ЗГ, Харьяа яам агентлагаас нь зарладаг хөгжиж буй орнууд, тухайн салбар бүрийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид эзийн засагчдад зориулсан богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүд ч асар олон бий. Энэ талаар дараа тусад нь мэдээлэл хүргэнэ ээ.

Бакалавр, Мастер, Докторын тэтгэлгийн төрөл:

БНХАУ-ын их дээд сургууль нь Засгийн газар, Мужийн, Сургуулийн, Хотын, Мөн ЗГ-ых нь яам агентлагийн тусгай тэтгэлэг гэх мэт маш олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан засуулыг элсүүлдэг. Хамгийн түгээмэл тэтгэлэг нь /100 хувийн тэтгэлэгт/ дараах зүйлс багтсан байдаг.

1.     Сургалтын төлбөр 100 хувь

2.     Дотуур байр

3.     Степент  

4.     Даатгал зэрэг багтсан байдаг. Степентны хэмжээ нь мөн тухайн тэтгэлгийн төрлөөсөө шалтгаалан өөр өөр байдаг. Жишээлбэл засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт стипент доктор 3500 юань, мастер 3000 юань, бакалавр 2500 юань байдаг. Энэхүү стипенд та таны суралцах бүх жилээр бүтэн буюу амралтын үеэр ч 12 сараар бүтэн таны дансанд ордог. Жишээлбэл та докторт 4 жилээр сурлаа гэхэд жилд 15сая 120 мянган төгрөгийн цалинтайгаар боловсрол эзэмших боломжтой болно. Харин мастерт 51,840,000 бакалаврт 54,000,000 гэсэн үг. Үүний цаад утга нь юу вэ гэхээр та эдийн засгийн дарамтгүйгээр зөвхөн сурлага боловсролдоо анхааран Хятад улсад боловсрол эзэмшинэ гэсэн үг юм. Зэрэг хамгаалж мэргэжилтэй болохоос гадна хамгийн чухал нь гадаад хэлтэй болох юм. Харин зарим сургууль мужийн тэтгэлэг нь 1000 -1500 юаны, мөн жилд нэг удаа 5000 юаны тэтгэлэгтэй гээд янз янз байдаг.

Хамгийн бага тэтгэлэг нь сургалтын төлбөр нь 100 хувь үнэгүй, харин амьжиргааны зардлаа өөрөө гаргадаг. Гэвч энэ тэтгэлгийг манайхан тоож ч хардаггүй. Харин манайд сургалтын төлбөргүй сургууль байдаг бил үү. Хэрвээ оюутан үнэхээр голч оноо сайтай, Хятад болон англи хэлний мэддэгтэй бол ямар ч сургуулиас сайн тэтгэлэг хүсэх боломжтой. Гэтэл Хэлний мэдлэг  байтугай голч оноо нь хамгийн муу байхад л хамгийн өндөр тэтгэлгийг шууд авахыг хүсдэг, мөн тухайн сургуулийн чанар, эрэмбэ, онцлогийг асуухаасаа өмнө хот, орчин хөгжлийг нь асуудаг нь манайхны боловсролд хандах хандлага үнэхээр хариуцлагагүй бас хэнэггүйг харуулдаг. Боловсрол бол гоё цаастай бохь худалдаж авахаас өөр зүйл шүү дээ. Манай улсад наад захын сургуулийн сургалтын төлбөр 2000,000-аас дээш байдаг. Харин Хятадад хамгийн багадаа  жилийн 20,000 юань буюу 7 сая төгрөг байдаг. Ийм өндөр төлбөртэй сургалтын төлбөрийн тэтгэлгийг анзаардаггүй. Сургалтын төлбөрөөс гадна хэрэглээний мөнгө шаардагдана. Гэтэл Хятадад сургалтын төлбөр үнэгүй суралцаад энд төлөх сургалтын төлбөрөө жилийнхээ хэрэгцээнд зарцуулаад гадаадад боловсролд эзэмших боломж байдаг юм шүү. Мөн Хятад хэлтэй болно. Амьжиргааны зардалын хувьд хятад улс манайхтай хил залгаа учир замын зардал хямд, дотооддоо дэд бүтэц хөгжсөн учир хямдаар хурднаар хотуудаар явах боломжтой. Мөн өөрөө хүнс үйлдвэрлэгч орон учир хүнс маш хямд өөрөөр хэлбэл өртөг маш багатай байдаг.  

Сургууль орчин: Хятадын их дээд сургуулиуд гадаад оюутан авахын тулд олон шалгуур давдаг ба чанартай сургуулиуд нь гадаад оюутан авах эрхтэй болдог. Гадаад оюутан авснаар тухайн сургуулийн нэр хүнд өсч мөн улсдаа төдийгүй мөн дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтад багтдаг. Тиймээс манайхан “Хөгжилгүй тосгон уу? Жижиг сургууль уу? ТЭМС үү? гэж асуухаа болих хэрэгтэй. Боловсрол олж авахад хот биш харин боловсролын чанар илүү чухал гэдгийг анхаараарай. Мөн Хятадын бүх хотууд хөгжил сайтай, мөн жижиг буюу дагуул хотууд нь асар хурдацтайгаар жигд тогтмол хөгжсөөр байдаг.

Манай ихэнх оюутнууд Бээжин, Шанхай зэрэг том хотуудруу явж суралцахыг хүсдэг. Гэвч Хятадын их дээд сургуулиуд нь хотоосоо зайдуу тусдаа хотхон /cump/ маягаар хөгжсөн байдаг. Шанхайд очсон ч Шанхайгаас 15-30 kм-ын зайтай сургуулийн хотхонд та суралцана гэсэн үг. Үүнийгээ хөдөө ирчихлээ гэж сэтгэлээр унадаг. Гэтэл тухайн сургуулийн хотхонд зөвхөн оюутан хүнд өөрөөр хэлбэл зөвхөн суралцахад хэрэгтэй бүх зүйл байдаг. Зөвхөн мэдлэг боловсрол авах гэж очсон гэдгээ сайтар ухамсарлах хэрэгтэй. Ер нь өртөг өндөртэй том хотуудад суралцахаас илүү урд зүгийн хотуудад суралцах нь хэл сурах мөн цэвэр хятад соёл суралцах зэрэг давуу талтай. Мөн Монголчууд цөөхөн хотод суралцах нь хэл сайн сурах, элдэв буруу зүйлд уруу татагдахгүй байх давуу талтай.

Оюутны байр: Хятадын их дээд сургуулийн гадаад оюутан авах эрхтэй шаардлагад нь оюутны дотуур байр нь 4 одтой зочид буудлын түвшинд байхаар заасан байдаг. Мастер бакалаврын оюутан хоёулаа байдаг бол Докторын оюутнууд ганцаараа нэг өрөөнд байдаг. Хятадад оюутны өрөөнд нь зурагт байдаггүй ба суралцахад зурагт үзэх шаардлагагүй гэж үздэг. Харин нийтийн зурагтын өрөө гэж тусдаа бий. Гэхдээ зөвхөн гадаад оюутнуудад. Мөн галын аюулгүй байдлын үүднээс өрөөнд хоол хийхийг хориглодог ба нийтийн гал тогооны өрөөтэй. Тэнд хоол хийх багаж хэрэгсэл бүгд байдаг. Зарим сургуулийн оюутны байр хуучирсан, мөн ачааллаасаа шалтгаалан зарим дутмаг зүйл байдаг нь Монгол оюутнуудад таалагдахгүй тал бий. Гадаад оюутны байр нь тусгай харуул хамгаалалт жижүүртэй бөгөөд ихэвчлэн орой 23 цагаас хойш оруулж гаргадаггүй, мөн гаднын хүн оруулдаггүй зэрэг дүрэм журамтай. Мөн голдуу тусгай карт, кодтой байдаг.

Хэрвээ оюутан Монгол биш гадаад оюутантай хамт нэр өрөөд орвол Англи хэл суралцах боломж их бий. Тухайн сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадаад оюутнуудтай танилцан найзалж нөхөрлөснөөр аар гадаад хэл суралцах нөхцөл бүрэлддэг. Мөн ямар ч сургуульд та очсон бай тантай хамгийн түрүүн олон улсын хэл болох Англи хэлээр ойлголцоно гэдгийг битгий мартаарай. Тиймээс та хятад улсад суралцахыг төлөвлөж байгаа бол Англи хэлээ мөн сайжруулаарай. Мөн хичээл эхлээд англи хэл дээр тулгуурлан заагддаг.

Хугацааны хувьд:  хэрвээ тухайн оюутан хятад хэлний мэдлэггүй бол эхний нэг жил зөвхөн хятад хэлний бэлтгэлд суух ба хавар нь хэлний шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд үндсэн ангидаа шилжин суралцдаг. Энэ тохиолдолд Баклавр 5 жил, Мастер -4 жил, Доктор 4 жил байдаг. Хэрвээ тухайн оюутан HSK5-аас дээш оноотой бол шууд үндсэн ангидаа шилжин суралцаж болох бөгөөд дээрх жилээс нэг нэг жил хасагддаг.

Мөн хятад улсад Англи хэл дээрх хөтөлбөр гэж байдаг бөгөөд мастер зэрэгт хамаардаг. Англи хэл дээрх хөтөлбөр нь голдуу 2 жил байдаг. Эхний нэг жил үндсэн хичээлээ үзээд сүүлийн жил зөвхөн  судалгааны ажил буюу диплом бичдэг.

ЗГ-ын тэтгэлэгт бүртгүүлэх, хамрагдах арга замууд:

1.      БСШУЯ- болон Хятадын элчин сайдын яам хамтран зарладаг тэтгэлэгт хөтөлбөрт материалаа бүрдүүлж өгөх боломжтой бөгөөд мэргэжил шаардлага цаанаасаа заагдсан байдаг. Мөн материал хүлээн авахаас эхлээд дараа дараагийн 3 шатны шалгаруулалт явагддаг. Энэ тэтгэлгийн хугацаа жил бүрийн  2-3 сарын хооронд зарлагддаг ба та БСШУЯ-ны сайтаар байнга зочлон хугацаа хожигдохгүйгээр тэтгэлэг зарлагдахыг шалгаж байх хэрэгтэй.

2.     Зуучлалын байгууллагуудаар дамжуулах: Зуучлалын байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд тухайн сургуультай хамтран ажилладаг бөгөөд таны материалыг шууд сургуульд нь өгснөөр та хамрагдах боломжтой болдог. Зуучлалын байгууллагуудаар дамжуулахын давуу тал нь та шалгуур багатайгаар болон, цаг хугацаа хэмнэн тухайн сургуулийн урилга авах боломжтой болдог. Хамгийн чухал нь зуучлалын байгууллагаар дамжуулснаар та үйлчилгээний буюу зуучлалын хөлс төлдөг гэдгийг анхаараарай. Хамгийн чухал нь та маш сайн судалж, олон газраар явж танилцан, найдвартай сайн газрыг сонгон, итгэлцэл гэрээн дээр үндэсэн тухайн байгууллагатай хамтран ажиллах нь чухал гэдгийг анхаараарай. 

3.     Дараагийн арга зам нь та тухайн сургуулийнх нь сайтаар болон хятадын тэтгэлгийн сангийн нэгдсэн сайтаар дамжуулан онлайн аар өөрөө бүртгэл хийлгэн, мөн тухайн сургуульд нь шуудангаар материалаа эх хувиар нь илгээн тэтгэлэг хүсэх боломжтой. Энэ тохиолдолд та тухайн сургуулийн шаардлагын дагуу сонгон шалгаруулалтад ордог.

Дээрх 3 арга замын алинаар нь ч бүртгүүлсэн байсан та шаардлагатай материалыг маш сайн бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Учир нь таны материал маш сайн мөн үнэ зөв байснаар та тэтгэлэгт хамрагдах боломжтой болдог. Манайхан маш их хуурамч материал бүрдүүлдэг учир Хятад улсын их дээд сургуулийн зүгээс бүх материал нотариатаар баталгаажсан мөн Их дээд сургуулийн багшийн тодорхойлолтыг сургуулийн албан бичиг, тамга, багшийн гарын үсэг баталгаажсан байх ёстой гэж үздэг. Гэтэл энэ тохиолдолд манай Монголын их дээд сургуулиуд, ялангуяа улсын томоохон их дээд сургуулиуд бүрэн гүйцэд тодорхойлолт гаргаж өгдөггүй оюутнуудад асар их явдаг чирэгдэл хүнд суртал үзүүлдэг муу талтай.  

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт:

1.      Диплом –Мастер, Доктор /нотариатаар баталгаажсан/

-          12 жилийн гэрчилгээ – бакалавр /нотариатаар баталгаажсан/

2.      Их дээд сургуулийн доктроос дээш зэрэгтэй 2 багшийн тодорхойлолт /Сургуулийн Бланк тамга гарын үсгээр баталгаажсан байх/

-          12 жилийн сургуулийн 2 багшийн тодорхойлолт

     /Сургуулийн Бланк тамга гарын үсгээр баталгаажсан байх/

Жич: Энэхүү тодорхойлолт нь тухайн оюутныг гадаадын и х дээд сургуульд суралцах бүрэн чадвартайг тодорхойлон багшийн зүгээс сайн үнэлэлт өгөх

3.      Суралцах төлөвлөгөө, Бакалавр 500-аас дээш, Мастер 800-аас дээш, Доктор 1000-аас дээш үгтэй байх. Мөн докторт судалгааны материал давхар шаарддаг

Жич: Яагаад тус улсад суралцахыг хүсэж буй, хэрхэн суралцах талаарх өөрийн төлөвлөгөөг тодорхой дэлгэрэнгүй бичнэ

4.      Гадаад паспорт /хүчинтэй хугацаатай, нотариатаар баталгаажсан/

5.      8 хувь цээж зураг 3:4 хэмжээтэй

6.      Эрүүл мэндийн хуудас

Жич: дээрх бүх  бүрдүүлэх материалууд нь Англи эсвэл Хятад хэл  дээр орчуулагдсан байх бөгөөд нотариатаар баталгаажсан байх шаардлагатай. 

 

Нэмэлт зөвлөгөө: Хэрвээ та өмнө нь Хятад улсын ямар нэг тэтгэлэгт хамрагдаад амжилттай төгсөж чадаагүй орхисон бол дахин мөн л ямар ч тэтгэлэг хүсэх боломжгүй байдаг. Учир нь тэтгэлгийн нэгдсэн санд нь таны нэр тэтгэлэгт хамрагдсан, амжилттай төгсөж чадаагүй гээд хадгалагдсан байдаг. Тиймээс та нэг тэтгэлэгт хамрагдсан болон, Хамрагдах эрх нээгдэж урилга ирсэн л бол заавал амжилттай төгсөх хэрэгтэй. Харин нэг зэргээ амжилттай сайн төгссөн бол 2 жил ажил хийсний дараа болон дахин зэрэг ахиулан дахин тэтгэлэг хүсэх эрхтэй болдог. Зарим тохиолдолд жишээлбэл сургуулийн тэтгэлэг авсан бол тухайн сургуулиасаа шалтгаалан амжилттай төгссөн бол шууд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болдог.

Эцэст нь зөвлөхөд:  хэрвээ та хятад улсад суралцах гэж байгаа бол эртнээс бэлдэж судлах хэрэгтэй. Ихэнх сургууль, болон хувь байгууллагууд тухайн жилийнхээ 10, 11 сараас эхлэн бүртгэл авч эхэлдэг.Өөрөөр хэлбэл та 2018 оны 9 сарын элсэлтэд Хятад улсад суралцахаар төлөвлөж байгаа бол 2017 оны 10 сараас эхлэн судалж хөөцөлдөж материалаа болон өөрийн хэлний төвшин, ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй. Мөн та ямар ч арга замаар суралцахаар хөөцөлдсөн бай таны сургуулийн хариу урилга тухайн жилийнхээ 5-8 сарын хооронд ирдэг учир танд хүлээлт хэрэгтэй. Тиймээс сонгон шалгаруулалт дуусаж урилга тань ирж баталгаажих хүртэл ажилтай нь ажлаа хийж, сурдаг нь сургуульдаа явж байсан нь дээр байдаг юм шүү.

Эцсийн эцэст зөвлөхөд: Хятад улсад харлаж болох уу?, хичээлийн хажуугаар ажил хийж мөнгө олж болох уу? Зэрэг асуулт асуудаг. Хятад улсад манай иргэд 1 сар визгүй зорчих эрхтэй байдаг. Харин та суралцах урилга авсан тохиолдолд Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамнаас танд нэг сарын хугацаатай оюутны виз дарж өгдөг. Харин та сургуульдаа очсоны дараа тухайн сургуулийн тань гадаад оюутны албанаас нэгдсэн журмаар зохион байгуулан таны паспорт дээр сургуулиа төгсөх хугацаа хүртэлх суралцах жилээр тань орших суух эрх бүхий виз дарж өгдөг.

Ажил хийхийн хувьд хэрвээ  Хятад улсад хар ажил хийж болдог бол манайхан визгүй юм чинь сарын хугацаанд Солонгос биш Хятад явна шүү дээ. Мөн та тэтгэлгээр суралцаж байгаа тохиолдолд танд ажил хийх шаардлага гарахгүй. Мөн хятад хэл сурахад асар их цаг зарцуулагддаг учир та зөвхөн сургалтандаа анхаарах нь чухал байдаг. Хоёрдугаарт дэлхийн 7 тэрбум гаруй хүний 1 тэрбум гаруйг нь Хятад хүмүүс эзэлдэг. Тиймээс тэд бидэнд ажлын байр олгоно гэж юу л бол. Харин өөр, үндсэн хэл нь Англи, Франц зэрэг хэрэгцээт түгээмэл хэлтэй гадаад оюутнууд бага сургууль болон цэцэрлэгүүдэд хэл зааж болдог. Гэхдээ хэрвээ та хэлээ сайн сурах юм бол Хятадад очсон нутаг нэгтнүүддээ орчуулгын ажил хийх боломжтой. Харин төгсөөд, хэлээ сайн сураад амжилттай төгссөн тохиолдолд та мэргэжлийнхээ дагуу Хятадын байгууллагуудад ажиллах  боломжтой.  

Өөр миний бичилгүй үлдээсэн, таны асуух зүйл байвал коммент үлдээгээрэй. За бүүр эцэст нь өнгө мөнгө, гоо сайхан, зүс царай, хувцас хунараас гадна бас мэдлэг боловсрол чадвар бүүр илүү чухал юм шүү. Боловсрол чадвар, хүн чанараас үүдсэн үнэ цэнэ танд жинхэнэ аз жаргал хүндлэлийг өгөх болно. Мэдлэг чадвар хүн чанар, хичээл зүтгэл байхад өмнөх сайхан бүхнийг бүтээж чадна шүү дээ.

 

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax