Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2018-4-6
Сүүдэр дүү
 Багадаа би гэрийнхнийхээ хэн нэг нь хаашаа явна байнга л хамт явмаар санагддаг байлаа. Тэгээд болж л өгвөл дагана. Дагахаас ч өөр яахав дээ. Яагаад гэвэл намайг хэн ч дагадаггүй юм чинь. 

Нохойноос үхтэлээ айдаг, эмээгийнхээсээ өөр хүн дагуулаад очоод байх сонин гойд газар явдаггүй, дээр нь айлын бага хүүхэд учир над шиг нусан журыг өөр хэн л дагав гэж.
Аав ээжийг дагасан ч явах газар нь голдуу ажил. Аавын ажил нь сумын захиргаа учир бичээч эгчийн бичгийн машинаас өөр хүүхдэд сонирхолтой зүйл бага, харин ээжийн ажил сургууль учир нэгдүгээрт тэнд хүссэн хүсээгүй байнга очино, хоёрдугаарт багш нараас айна. Харин зуны улиралд аавыгаа хөдөө явахад дагах төлөвлөгөө биелэж хаяа 69 машины урд өвөр дээр нь сууж аваад л дэрчийж өгдөг байлаа. 
Хоёр ах насны зөрүү ихтэй учир би дагаад нэмэргүй. Хөлд нь чирэгдэнэ. Хаашаа явж юу хийдгийг нь ч мэдэхгүй юм чинь.

Харин нэг л хүнийг би яг л сүүдэр шиг нь дагаж чаддаг бас залхтал нь мөрөөр нь мөшгиж гүйдэг байв аа. Яагаад гэвэл бид хоорондоо 2 насны зөрүүтэй бас адилхан охин хүүүхэд учраас. Бас миний хамгийн их дагаж чадах боломжит хувилбар. Бас түүнийг дагавал их ашигтай. Алдалгүй дагаж чадвал найзуудтай нь хамт шпрот идэж чадна. Бас сумын төвд хаяа ирдэг үзвэр үйлчилгээг үзчихнэ. ТҮЦ-нээс авах чихэр бохьноос нь хуваалцчихна. Хамгийн гол нь тэр миний өмнөөс бүхнийг ярьдаг, бүхнийг зохицуулдаг, миний мэддэггүй бүхнийг мэддэг, асуух бүрт минь хариулт бэлэн, бас байнга мөнгөтэй байдаг байлаа. Хамгийн гол нь надаас хавь илүү сэргэлэн цовоо. Тэр адтай охин бол МИНИЙ ЭГЧ. Хаяа ямар нэг зарлаганд явах шаардлага надад тулгарахад би заавал эгчтэй явахыг хичээнэ. Эгч харин миний өмнөөс явахтаа тулвал надгүйгээр явахыг хүснэ. Харин би уйлаад ч, хөөгдөөд ч хамаагүй араас нь дагаж гүйнэ. Яг л сүүдэр шиг нь. Тиймээ би эгчийнхээ сүүдэр нь сүүл нь. Тэр л жамаараа дагасаар анх хотод оюутан болж ирж амьдралын их замд хөл тавьжээ би. 
Ямар нэгэн зүйл оршихгүй бол сүүдэр гэж үгүй. Тиймээс би дагах эгч ах нартай төрсөн азтай хүн. Өнөөдөр намайг сүүдэрээ болгон үргэлж араасаа дагуулж байдаг сайхан эгчийн маань хорвоод мэндэлсэн гэрэлт өдөр. Оонын эвэр шиг эгч дүү хоёулаа билээ л эгч бид хоёр. 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant