Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-9-6
Өчигдөр яваад, буцаж ирэхийн хооронд...
     Өмнөд зүгээс өөрийн өсөж төрсөн газартаа очих гэж өдөр шөнийг цаг минуттай нь тоолон хүлээсээр галт тэргэнд суулаа.  Хитэвч нимгэн оюутан би бээр онгоцоор нисэе гэж бодёон ч үгүй. Гэр бүл найз нөхөддөө зориулж авсан жаахан бэлэг сэлтээ өөрийн хэдэн хувцастайгаа хамт түнтийлгэн хийсэн чемодамаа чирч, замын хүнс болох хэдэн бэлэн гоймон чихсэн үүргэвчээ үүрсээр галт тэрэгнээс галт тэргэнд, галт тэрэгнээс таксинд, таксинаас дахиад л галт тэргэнд дамжин гурван өдрийн турш явсаар арай гэж Улаанбаатар хотод өглөөний арван нэгэн цагт хүрч ирлээ.
     Цаг агаар эрс хүйтэн, зун атлаа л хаврын сүүл сар шиг ганц нэг бороо дуссан бүрхэг салхитай зэвэргэн өдөр байлаа. Халуун газраас углааш шорт майктай галт тэргэнд суусан би бүтэн жил даараагүйгээрээ даарч байсан ч сэтгэлд "энэ чинь л миний Монгол доо" гэсэн бодол төрж харин ч сайхан өег байлаа. Эгч маань намайг тосч аван чимодамыг минь чирэх зуураа хүндийг нь гайхна. Харин би чемодамныхаа хүндийг мэдрэхээ байтлаа баярлаж байсан юм.
     Галт тэрэгний буудлаас таксинд суулаа. Зам битүү түгжрэлтэй учир энэ хооронд эгчдээ ямар газар яаж хэрхэн аж төрж байснаа бараг л амьсгаа авалгүй ярьж явлаа. Миний дууг давах гэсэн мэт машины сигналууд тачигнаж бас бус дундуур нь жолооч нарын бие биенээ харааж загнах дуулдана. Ойрд сонсоогүй мөртлөө миний мэддэг "монгол бухимдал". Энэхэн хооронд манай монголчууд ямар их стрэстэй амьдардаг болохыг цаг минут бүрт мэдэрч байлаа. Өмнө нь өөрөө дунд нь орчихоод анзаардаггүй байж.
     Аан бас Эрээн хотоос галт тэргэнд суух гэж байхдаа "чи хойно би урд, чи наашаа би цаашаа" гэж бие биенээ зүхэн том том "гахайг" сэв хийтэл өргөх наймаачин эмэгтэйчүүдийг хараад бас ийм сэтгэгдэл төрж байсан юм байна. Тэгэхдээ бас "энэ эмэгтэйчүүдийн эр нөхөр эцэг ах дүү нар нь хаана байгаа юм бол оо" гэж бодож амжсан.  
     За энэ яахав. Ингэж замдаа түгжирч явсаар гэртээ ирлээ. Танил гудамж дотно хашаа, халуун дулаахан гэр минь. Нохой маань л нэг минут намайг танихгүй жаахан будилснаас өөр бусад зүйл бүгд сайхан байв. Ирсэн оройноосоо эхлээд л найз нөхөд, хамаатан садан, айлчин гийчин гэсээр долоо хоногийг хотод өнгөрөөгөөд дахиад л замд гарлаа. Энэ удаа ээжрүүгээ, энхрий хайрт төрж өссөн Бугат сумруугаа яарч байгаа минь энэ. Энэ удаа олон галт тэрэг дамжсангүй. Улаанбатараас Говь-Алтай орох зорчигч тээвэрт суулаа.
     Гурван жилийн өмнө хамгийн сүүлд намайг явахад засвартай байсан хорин хоёрын товчооноос Төв аймгийн Лүн сум хүртэлх замын засвар нь дуусч сайхан болжээ. Говь-Алтайруу ихэвчлэн явдаг байсан фургон автомашин бага оврын суудлын Станагаар солигдчихож. Өвөрхангай, ортол зам дагуу хоолны газрууд бүр ч олширч их ч гоё болж. Айрагны худалдаа ч их байв. Энэ жил улс даяараа зуншлага сайтай, хаашаа ч харсан ногоон туяа татаад үнэхээр сайхан. Харин Баянхонгороос цааш хааяа нэг хоолны газар байхаас зам дагуух зүйлс багассаар байлаа. Учир нь засмал зам дуусаж шороон замд орсон болохоор тэр. Зам дагаж хөгжил гэж энэ дээ.      Хэдэн жилийн өмнө оюутан байхдаа явж байхад Баянхонгорын нутагт иргэд гар аргаар алт олборлон эгээтэй л нэг суурин үүсгэчихсэн гишгэх газаргүй шахам нүх онгойж харагдаж байсан газар одоо эзгүйрэн ундуй сундуй үлджээ. Алт нь дууссан юм байх даа л гэж бодож явлаа. Харин нэг сайхан зүйл харсан маань Баянхонор болон манай аймгууд хоёр талаасаа засмал зам тавьж байлаа. Үнэхээр сайхан хэрэг. Харин хамт явж байсан хүмүүс "энэ замыг үмхий хужаа нар тавьж байгаа" гээд л ярвайцгааж байв. Манай эмэгтэйчүүд нь хил дамнан гахай үүрээд хөлсөө урсгаж байхад эрчүүд нь мөн адил энэ зам дээр удаан хугацаагаар ядартлаа ажиллах нь юу л бол гэж би дотроо бодсон юм. Манайхан наадам гээд хэдэн хоног амарч байх хугацаанд нь хужаа нар нь үүр цүүрээр ажиллаж л байна. Манайх шиг цаг агаар хэцүүтэй улирлын чанартай зам барилгын ажил нь үргэлжилдэг газар цаг хугацааг алдахгүй ажиллана гэдэг их чухал шүү дээ. Биднийг унтаж байхад хятадууд дэлхийг эзэлчихлээ гэдэг шиг л...Хатуу ч гэсэн үнэн гэж байдаг даа. 
     За ингэж явсаар маргааш өдөр нь аймгийнхаа төвд ирлээ. Аймгийн төв хэсгээр хувийн голдуу жижиг жижиг барилгууд их нэмэгджээ. Наадам болоод гурав хонож байсан учир худалдааны захаас авахуулаад бүх л газар хаалттай иргэд амарч зугаалаад явчихсан аймгийн төв нам гүм амьдрал зогссон мэт л байлаа. Өөр олон газраар орж үзэж сонирхож ч амжсангүй.
     Ах ээж хоёр маань сумын төвөөс ийш тийшээ утас цохиод л надад унаа олсноо хэллээ. Яарсан бас санасан сэтгэлдээ хөтлүүлсэн би аймгийн төвөөс 200 километр алслагдсан сумруугаа, ээжрүүгээ яарсаар аксент гэдэг жижиг тэргэнд суун дахиад л замд гарлаа.
     Манай аймагт шинэ онгоцны буудал баригдаж байгаа харагдлаа. Одоохондоо амарч байгаа бололтой бүтээн байгуулалт түр зогсчээ.
     Тэр өдөр их халуун байв. Шаргын говь бараг л доороосоо төөнөнө. Ашгүй миний сууж явсан машин хална гэж байдаггүй аж. Жирийгээд л байх. Шаргын говийг туулж явахдаа би бараг амьд амьтан үзсэнгүй. Харин шаргын говийг тийм сайхан нов ногоон болсон байхыг анх удаа харсан юм. Зэрэглээ нь тунараад л. Нар эгц урдаас төөнөнө. Би ч яахав цамцаараа толгойгоо хаана. Харин жолоочид маань л хэцүү байх шиг байлаа. Аймгийн төвөөс авч гарсан савтай уснууд бүлээн болчихсон байсан тул хүв хүйтэн ундаа л санаанд орно. Зуны нар уужуу учир жаргах хаа ч үгүй байгаа бололтой.
     Гар утасны сүлжээ орсон газар ээжрүүгээ хаана явж байгаагаа мэссэжээр бичиж явав. Одоо ч амар болж ээ. Харилцаа холбоо хөгжөөд. Бага байхдаа аавыгаа хотоос гарсан гэдгийг нь дуулаад  л яг хэзээ ирэхийг нь мэдэхгүй учир орой бүр эмээгийхрүүгээ гүйж шагай орхиулдаг байж билээ. Эмээ маань ч наддаа л хамгийн мундаг үзмэрч байж билээ.Аавын ирэх мөчийг яг хэлнэ шүү. Эх үрийн холбоо агуу юм болохоор эмээд маань хүүг нь айсуйг харуулдаг байсан байх.
    
      Орой хорин цагийн үед сумдаа хүрч очилоо. Ургамал ногоо ихтэй, уул ус маань өнөөх л сэтгэл хөдлөм хэвээрэй. Алаг уулсаа хархад аавын минь төрх яах аргагүй тодрох шиг. Харин ээж минь жаахан өтөлж намхан болжээ. Надад санаа зовж хүлээсээр байгаад хөөрхий минь. Ээжийгээ бодохоор л нулимас зангирдаг над шиг хүнд хоёр жил ээждээ үнсүүлээгүй маань арай их хугацаа байсан юм. Төрсөн гэртээ ирэх нь амьдралын минь хамгийн амар тайван аз жаргалтай мөч байлаа. Зүрхэнд минь хадгалагдсан дурсамж бүхэн дэлгэрээд л.
    Ийнхүү гэртээ ээждээ эрхэлж нэг хоноод маргаашнаас нь усанд явж дэлгүүр орж жирийж эхлэв ээ. Жижиг сум гэлтгүй олон байшин барилга нэмэгдэж. Харин гудмаар хүн явж бараг харагдахгүй байлаа. Учир нь байнгын тог цахилгаантай болсон учир гэр гэртээ телевизороо үзэж комьпютэрээ ашиглан гадуур гарах шаардлагагүй болсон гэнэ. Бас гар утсаар холбоо бариад, нэг нэгнийдээ ч орохоо байж. Яг л миний уйддаг хаяа бүр үзэн яддаг төв газрын ханаар нэг нэгнээсээ тусгаарлагдсан хүйтэн байдал "үнэртэж" байлаа.
      Орой нь хүүхдүүд шуугилдан гадаа тоглож бужигнаж байдаг бидний бага нас ч бүр байхаа больсон байв. Сагс тоглож усаар байлддаг байсан миний бага насны үеийн одоогийн хүүхдүүд чихэндээ чихэвч углан хөгжим сонсон, багш нарынхаа хажуугаар толгойгоо хөдөлгөн өнгөрч, хаа нэг газар мэссэж бичин уулзаж пиво шимэн сууцгаадаг болж. Нөгөө сайхан найрсаг хүмүүжил бага настай минь хамт дурсамж болсон бололтой. Би өөрөө ч бас залуу үе. Гэсэн ч ийм сэтгэгдэл надад төрж байна гэхээр юм гэдэг хувьсан өөрчлөгдөх нь үнэхээр хурдан юм аа.Хөгжил дандаа сайныг дагуулдаггүй гэдэг дээ.      
     УАЗ 469, ИЖ планета 5 нүдний гэм болж хятад мотоцикл, ланд, жийп тэр жижиг суманд багтаж ядан холхилдож байлаа. Ихэнх иргэд алт ухаж амьдралаа залгуулдаг болсон гэнэ. Байгалаа зөв ашиглаад амьдралаа дээшлүүлж байгаа бол болж л байна. Сумынхан маань баяжиж дээ гэтэл бас өрөөсгөл юм аа. Сар бүрийн 15 нд хорин нэгэн мянган төгрөгөө авах гэж хөдөөнийхөн тэр чигээрээ сумын төвд орж ирж банкны үүдэнд өдөржин зогсохыг нь хараад өрөвдөх ч шиг. Аливаа бүх зүйл хоёр талтай гэдэг л энэ байх даа.
     Сумын төвийн дундуур урсдаг "Нарийний гол" маань хүүхэд насны минь дурсамжыг чийглэн өнөөх л хэвээрэй урсаад л, хойд хар уулс маань өглөө бүрийн нарны цацрагийг тосон дүнгэнээд л, урд улаан уулс маань үдэш бүрийн нарны туяаг үдэн улайгаад л диваажин л гэлтэй.
     За тэгээд л энэ л орчинд тайван амгалан сар гаруй болоод нэг л өдөр ээждээ үнсүүлээд буцаад ирсэн маань энэ дээ. Одоо бодсон чинь би эндээс 4200 километр замыг туулж ээждээ очисон байна лээ.  
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 11:30, 2011-12-30 | Холбоос | |


ooriin huisee hamgaalah ene ter bol bn aa bn kkkk. bayarlalaa
Бичсэн: ulaankaa цаг: 02:33, 2011-12-29 | Холбоос | |


Bayar hurgeyee
Goe bichijee nzaa gehdee zarim neg gazar bas Jenderiin asuudal hunduud bn uu ugui yu he he . Gehdee unen bh shu. Sanal neg bn aa


Amjilt
Бичсэн: Зочин цаг: 06:38, 2011-12-14 | Холбоос | |


бүгдэд нь баярлалаа
Бичсэн: ulaankaa цаг: 06:52, 2011-12-9 | Холбоос | |


чамайг дагаад нутагтаа очоод ирлээ. Баярлалаа. Уран бүтээлийн амжилт. Илүү ихийг ...
баярлах
Бичсэн: Tuvshintogtoh_V цаг: 11:04, 2011-12-9 | Холбоос | |


saihan bichsen bna.Uneheer minii sanaj yavdag amidral mon bna
Бичсэн: eric цаг: 12:04, 2011-12-9 | Холбоос | |


хөөрхөн юмаа, айхтар ажиглаад.

үсэг нь арай жижиг бол уншихад бүр амрым байна.
Бичсэн: хундага цаг: 06:13, 2011-9-7 | Холбоос | |


nudend haragdav
nudend haragdaj gart barigttal bichjee
Бичсэн: saruul (зочин) цаг: 08:04, 2011-9-6 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant