Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-07
Удамшлын “цоорхой”

''Эх орон минь харийн эзэмшилд орж хаашдаа мөхөх нь. Идэр чийрэг эрчүүд маань солонгосын боол боллоо.  Агуу Чингис хааны цус Өвөр монголд уусаад бузартаж гүйцэх нь. Үмхий хятадуудад идэгдээд үндэсний аюулгүй байдал алдагдлаа. Эдийн засгийн хомсдолтой, хормойн донтой охид хүүхнүүд эрээний янхны газрыг дүүргэлээ. Мөнгөний шуналтай амар хялбар амьдрахыг мөрөөдөгч бүсгүйчүүд нь хангүг өвөгчүүлтэй суугаад талийлаа. Арай дөнгүүр нэг нь европруу хошуураад, тэндээ суурьшин монголоо мартан хадагдлаа''...гэх мэт. Бөөн уур хилэн хаа сайгүй цуурайтна. Пөөх ямар аймаар олон асуудал вэ? Үндсэрхэг үзэл ханхуулж ядан, эх орон минь, би эх оронч хэмээн цээжээ дэлдэгчийн агуу том тэр цээжин дотор нь ийм бухимдал өрнөн үүрлэнэ. Тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй гэгчээр бухимдаад бухимдаад нэмэр байтугай хачир ч үгүй харин ч тэр ундууцлын цуваа улам бүр өргөжин нүүдэллэсээр л.

Өөрөө өөртөө бурууг өгдөггүй хүн хэмээх ухамсарт амьтны балай сэтгэлгээнд Чингисийн монголчууд тэр аяараа нэрвэгдчихсэн. Тиймдээ л бүх бурууг гадныханд наалдуулхаас өөр хийх юмгүй хэнээрхэлдээ хөтлөгдөн цөсөө хөөргөнө. Монголын муу муухай зүйл ганцхан харийнхнаас л болдог гэх. “Бид буруугүй ээ. Яагаад гэвэл тэнгэр заяат “баастай бурхад” юм чинь” хэмээн ярих нь ч энүүхэнд. Үнэн хэрэгтээ өөрсдөө өвөр дотроо буглан бугшиж, өрц рүүгээ хутга шааж буйгаа мэдэх сөхөөгүй өширхөж суух гэж. Өрөвдөлтэй ч хувь тавилан юм аа даа. Улс орон оршин тогтнохын нэг суурь нь бол үндэс угсаа, цусаа ариун байлгах явдал юм. Гадаадыг хэт шүтэх хийгээд эсэргүүцэн үзэн ядахын дундуурх сиймхийгээр цус ойртолт мөлхөн орж ирэн газар авсаар үндэстний мөхлийн тахал тариад үндэслэн соёолж, өргөжин хөгжөөд удаж байна цаана чинь. Ийм байтал юу яасан эх оронч үзэл энэ тэр вэ? Би  эх оронч хүн гэж цээжээ дэлдэж харайгаад, цементээр хөшөө босгосноор эх оронч болчдоггүй юм. Дэлхийн жишгээр нэг саяас дээш хүн амтай хотыг “том хот” гэдэг юм байна лээ. Өглөө бүр сүүмийж сэрдэг Улаанбаатар их хот маань  энэ босгыг даваад талийсан. Гэхдээ л Улаанбаатар үнэхээр жоохон. Танилын хүрээ өргөжих тусам хуучин танилтайгаа тааралдах нь олонтоо. Тэр ч бүү хэл харалган бас удам судар, ах дүүгээ таниж мэддэггүйгээс болж хамаатан саднууд хоорондоо гэр бүл болох явдал ч бишгүй тохиолддог. Харин хөдөө орон нутагт судсаар нь нэг цус гүйж байгааг мэдсээр байж хоорондоо гэр бүл болдог эр эм, харсаар байж суулгачихдаг эцэг эх олноор тоологдохоор байх юм. Үр удмаа үлдээх нь амьд бодгалийн амьгүй материас ялгарах гол ялгаа. Харин ургийн цусаа нандигнан дээдлэх нь хүний адгуусаас ялгарах гол ялгаа яалт ч үгүй мөн дөө уг нь. Хатуухан хэлэхэд адгууснаас ялгарах зүйлгүй цусан холбоо нэгдэх үзэгдэл ихэдсээр дотроосоо мөхөх бий дээ. Чингис хаан олон газар орныг байлдан дагуулж, эзэлж нэгэн цагт энэ бидний оршин байгаа хөрс шороог дэлхийн төв болгож байсан түүх нь бидэнд үлдсэн. Чингисийн монгол хэмээн омогшихын сацуу Чингисийн цус чи бидэнд үүрд мөнхөд үр хойчид минь үлдэх ёстой гэдгийг санаж бас дахин омогших хэрэгтэй. Ганц олдсон амьдралаа зуунаар хэмжин түүх болгон үлдээх зам бол цусаа ариун байлгах үүрэг. Энэ таньд ноогдож байгаа шүү. Эх орон өнөөгийн хэн нэгэн улс төрчөөс эхлэхгүй, эзэн Чингисээс ч эхлээгүй. Эрхэм ариун үндэс угсаа эх орныг минь хадгалж явсаар өдгөө өмнө минь авч ирсэн юм. Тиймээс эх орон чамаас л эхэлнэ. Цөс хөөрч болно. Гэхдээ элэг бас эмтэрдэг гэдгийг ч давхар санах хэрэгтэй.     

 

 

Сэтгэгдэл:


Minii huurhun duu yamar mundag bichee ve. Amjilt...
Бичсэн: Зочин цаг: 00:03, 2011-12-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax