Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-13
Энэ бол миний эргэлзээгүй нэгэн тусгаар тогтнол
     Зүрхэнд минь баяр жаргалаас өөр юу ч үл хурна. Цэв цэнхэр ав ариун ертөнц дээр шив шинэхэн, цэв цэнгэг сэтгэлтэй анх удаагаа бууж байгаа мэт. Нарны туяа тусахгүй байлаа ч, намайг хүмүүс муулж байлаа ч би инээмсэглэн урагш тэмүүлсээр.Яагаад гэвэл би өнөөдөр инээж өглөөг угтсан. Бас өнөөдрөөрөө гэдсээ тэжээн амьдарч байгаа учираас тэр. Уржигдар би уйлж, өчигдөр бүр үхмээр ч санагдаж байсан. Харин өнөөдөр мартсан. Яахав нэг гүнзгий гүн тас хар сорви үлдээ л биз. Өөрөө өөрийгөө уйтгарруу чангаахаа болъё. Өнөөдөр яг одоо би түүнийг бүр арилгачихая. Зүрх сэтгэлээ өөдрөг байлгая.
     Би мөрөөднө. Яадаг юм. Би ямар хүний хүсэл шуналаас тасалж аваад мөрөөдөж байгаа биш. Сайн сайхан гэрэл гэгээтэй тэр л хаалгыг хайж олно. Өөрийн хүслээр хаа сайгүй дэвэн нисэж хэний ч өмнө нүүр бардам дэрвэлзэх болно. Цагаан бүхний мандал нь байж бишрэл харц бүрийн өмнө миний зүрх сэтгэл намиран алгаа дэлгэх тэр агшинруу тэмүүлнэ. Тийм ээ би улаан нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ амьдарна. Надтай харьцсан хэн ч бай дотоод сэтгэлтэй минь гагнагдаг. Харин би өөрөө хараа тусах орчил, гар хүрэх эд бүхэндээ сэтгэлээ шингээе. Хэрвээ сэтгэл минь ундрахгүй бол  гар үл хүрье би. Сэтгэлгүй худлаа инээхийг үл тэвчнэм. ЭНЭ БОЛ МИНИЙ ЭРГЭЛЗЭЭГҮЙ НЭГЭН ТУСГААР ТОГТНОЛ. Хэн ч халдаж юу ч өөрчилж үл болох зөвхөн миний аюулгүй дархан байдал. Надад оноогдож цусанд шингэсэн өөрийн минь хууль гэж бий. Намайг захирдаггүй онцлогтой надад зам зааж өгдөг миний гэрэлт хууль. Нуугаад яах вэ тэр эхлээд дэнлүү байсан юм. Харин одоо илч дөл нь бадамлан улам бүр газар аван цааш дүрэлзэх мөнхий гал болон намайг шатаана. Анхлан асаахдаа л би мөнх байгаарай гэж амьдралаа даатган шивнэсэн. Шатах тусам зүрхэнд минь баяр жаргалаас өөр юу ч үл хурна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax