Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-11-05
Тэр заримдаа яг л хөгжим шиг


Би шуурганы чимээг үсгээр дүрслэх гэж оролдсон боловч ерөөсөө болсонгүй. Та нар санаж байна уу шуурганы чимээг. Ялангуяа манай сумын шуурганы чимээ нэг л аймаар бас сүртэй. Яг л өндөр уулс шигээ “бараатай”. Радиогоор дандаа л Говь-Алтай аймгийн Бугат сумд хамгийн хүчтэй тэдэн хэм хүрч шуурлаа гээд л ярьдагсан. Үргэлж л 45 метр секундээс  дээш хүчтэй шуурга тавьна. 

Алагийн орой дээр үүл суучихжээ, Урд улааны орой дээр үүл хурчихаж, хойд уул дүнгэнэж байна айхтар шуурах нь дээ гэж ээж аав эмээ томчууд ярихаар нь шалавхан харайн гарч хойд хар уулыг чагнана, Алаг хайрхан, урд улааныг харна. Нээрээ л хойд хар галт тэрэг шиг дүнгэнэж, урд улаан, өндөр Алагийн орой дээр үүл байдгаараа шавчихсан байдагсан. За тэгээд л орой нар жаргахтай зэрэгцээд л шуурга тавьж эхэлнэ дээ. Айл бүрийн тоононд чагатагны уяа байнга байж байдагсан. Одоо ч байсаар л байгаа. Манай гэрийн тоононд бүдүүн сур, дөчин литерийн усны саванд ус байнга дүүрнээр бэлэн зэхээстэй. Хаврын шуурганаар нарийн урт улиасаар униа хэрж уядаг байваа. 

 Гэрийн унь яг л төгөлдөр хуурын товчлуур шиг  хөдөлнө. Хэн нэгэн хөгжмийн зохиолчын ууртай бухимдалтайгаар шударга бусд бачууран бичсэн сүрлэг хөгжим шиг л тийм чимээ шөнөжин чихнээ дэлдэнэ. Энэ бол миний өссөн Бугат сумын шуурганы чимээ.

Энэ дуу чимээ үргэлжлэх бүрт сэтгэл нэг л тавгүй. Шуурга болсоны маргааш өглөө босоод гархад сумын төв маань яг л дайд нэрвэгдсэн адил...энд тэнд, газар шороогүй болтлоо халцарч,  айлуудын хашаа унаж шонгийн мод хазайн, хүчдэлийн утас унжин, бас бус айлын гэр унан, байгууллагуудын байшингийн дээвэр ховхрон шидэгдсэн харагдана. Сумын захиргааны орой дээрх төрийн далбаа маань хэзээд л тасраад тал нь алга болчихсон байдагсан. Ямар сайндаа л аав маань өглөө эрт босоод л хашаа гэрээсээ илүү захиргааны байшин яасан бол гээд гараад алхахав дээ.  

Шуурга болсоны маргааш орой Мотор асч гэрэлтэй золгоно гэж бодохын ч хэрэггүй. Харин шуурганы маргааш хаяа хичээл орохгүй байх нь л хамгийн сайхан байдаг байлаа.  Ийм л байгалийн үзэгдэлтэй ороолдон өссөн болхоор би одоо болтол шуурганы чимээнээс эмээдэг хэвээрээ.

 Гэхдээ хүний хүсэл гэдэг заримдаа галзуу мэт болох. Тиймээ заримдаа би тэр шуурганы чимээг  учиргүй ихээр үгүйлэн санадаг. Тэр л бяцхан суурины шуурганы чимээг шүү дээ. Амьдралын минь хамгийн сайхан магадгүй хамгийн аз жаргалтай мөч бүхэн тэр л шуурганд  зөвхөн он жил дурсамж болон туугдан арилжээ. Тиймээ амьдрал тэр чигээрээ чимээгээр дүүрэн. Тэр л олон чимээний хамгийн хүчтэй бас сүртэй нь алтайн хар уулны хүчит шуурганы чимээ.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax