Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2013-4-7
Газар дээрх ганц эгч

Сумын сургуулийн ширээнээс их сургуулийн эрдмийн ширээнд суухаар алс хязгаар баруун Алтайгаас их хотын зүг анх тэмүүлсэн тэр цаг үеээс хойш аль хэдийн арван гурван хаврыг үзэв. Орчлонгийн нэг хэсэгтэй, оюун бодлын нээгдэх хаалгатай танилцуулхаар гарыг минь хөтлөн авч ирсэн тэр хүн бол миний эгч. Сургуульд бүртгүүлэх, оюутны байранд орох гээд л буйдхан сумын амьдралаас хотын түчигнээнт амьдралд зохицох гээд л хүний амьдралын түмэн эргүүлгэнд миний өмнөөс гүйж орсон тэр хүн бас л миний эгч. Ингэхдээ тэр зөвхөн эгч биш ээж аав ах нарын үүргийг давхар гүйцэтгэн намайг хөтөлж байж дээ. 

Эрдэмд яаж шамдахыг, амьдралын төлөө хэрхэн зүтгэхийг, ах ээжийгээ шаналгахгүйгээр хэрхэн биеэ дааж амьдардагийг, тэсвэр хатуужил гэж чухам юугаар хэмжигдэдгийг, зорьсондоо хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөдөгийг хамгийн гол нь хүний сайхан сэтгэл гэж юу байдгийг би эгчээсээ олж хардаг юм. 

Эгч багадаа их сэргэлэн, адтай хэрсүү охин байсан. Надад мэдэхгүй зүйл тулгарахад эгчээсээ л асууна. Харин эгч асуусан бүхний маань хариултыг дор нь өгнө.  Яаж ингэж их зүйл мэддэг юм бол оо гэж би гайхдаг байж билээ. Гэтэл бид чинь дөнгөж 2 насны зөрүүтэй. 

Оюутны ширээнээс амьдралын замд гишгэх алхам тутамд тэр мөн л хойноос минь бэхэлсэн хамгаалалтын бүс шиг миний ард байсаар л байдаг. Үүрнээсээ ниссэн шувууны ангаахай шиг би заримдаа дэндүү харалган. Тэр харалган зангаараа сэтгэлийг сэвтүүлсэн удаа ч бий байх. Хур нэхсэн цэцэг шиг эгчээсээ үргэлж сэтгэлийг нь гуйлгачилахдаа өөрөө би юу өгсөн билээ гэж боддог. 

Гараг эрхсийн хязгаагүй мэт уудам амьдралруу намайг хөөргөсөн, өндрөөс өндөрт дүүлэн нисэх далавчийг минь хамт урласан эгчтэй.., би азтай хүн. Хоёрхон нас гэдэг бага тоо... Гэвч жинхэнэ сэтгэл, жинхэнэ ухаан, жинхэнэ хайраар үнэлэх юм бол хязгааргүй их хүндлэл билээ. Бас их үнэ цэнэ. 

Тэр үнэ цэнийн өмнө би ямагт мөргөлчин нь болох хуультай. Эгчийн тухай, эгчтэйгээ хамт бүтээсэн дурсамж бүрээ би мартамгүй. Тиймээ тэр бол миний газар дээрх ганц эгч.

 


Сэтгэгдэл:


bayarlalaa duudee
Бичсэн: saruul (зочин) цаг: 10:11, 2017-5-23 | Холбоос | |


сайхан дурсамж байна. Үргэлжлүүлээд түүхчлээд бичвэл бүр уншууртай болох байх даа
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна цаг: 06:28, 2013-4-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant