Энэрсэн байх
Яг ижилхэн ХҮН-үүд
Ялгарах гэж,
Яг адилхан байхгүй гэж..,
Өөр хоорондоо
Хэмхэлдэхийг хараад
Хорвоо ертөнц
Төрөхийн араас
Үхэх гэдэг мөр зохиогн
Хүний хувь тавиланг
Өөрийнхөө мөнх оршлын
Утга учиртай хамт
Энэрсэн байх
Ээзгий ааруул өвөртөлдөг байлаа
Эмээгийн тулгыг галтай залгуулан
Аргал хомоол хормойлдог байлаа
Сүү үнэртсэн гараараа чулуу цуглуулан өрдөг байлаа
Чулуун гэрийнхээ хойморт "авдар тавин" ёсорхдог байлаа
Бүтэн сартай шөнийн цүү хаях наадамд
Бүсээ чанга бүслээд томчуулыг даган гүйдэг байлаа
Торсон цагаан чулуу бүрийг цүү гэж андуурахдаа
Томчууд л яагаад зөвхөн бүхнийг чаддаг юм гэж гомдоллодог байлаа
Энгэрээ тос даатал
Ээзгий ааруул өвөртөлдөг байлаа
Эргэхгүй одсон цаг хугацаа бүрийг
Эмээгийн туульсаар туулдаг байлаа
Ай ижий минь
Алсад суугаа ижий минь
Харьж очих сургаар минь
Хамжаар сэлт бэлдэн тэрлэг эсгүүллээ гэнэ
Ай ижий минь
Намхан буурал ижий минь
Нар алс өвлийн замд жиндэх вий гэж
Замын унаанд дулаан гутал дайлаа гэнэ
Өвдөөгүй, сайн сууна аа гэхэд
Өөдөөс минь Баярлалаа гэх...
Ижий гэх цав цагаан өнгөнөөс
Би нэгэнтээ унасан авч
Ижийгээс мөнх урсах
Сэтгэлд, хайранд, залбиралд
Жарантаа задарч, зуунтаа тарвалзавч
Мянгантаа би
Дахин төрдөг өө
Ижийнхээ хайранд би
Дахин дахин төрдөг өө
Ай
Намхан буурал
Ижий мин
...