Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-10-22
Би айдаггүй
 1

Сонин юм шүү. Өөрийгөө их л эмзэг гэдэгт итгэдэг байв. Харин гэтэл...Би өөрчлөгдөж. Цөхрөл гэдэг зүйлтэй болж л өгвөл хундага туулгаад согтоод найзлаад сууж байдаг бол одоо тэр талаар бодохоо ч байж. Найзууддаа туниж, уулзахгүй удсанд нь гомдоллож, үгээ хэлсэнгүйд нь ганцаардаж суудаг байсан бол одоо тоохоо байж. Жам ёсных л юм шиг.  Өнгө мөнгөөр хэмжигдэх цаг хугацааны дүн ч юм шиг.
Бусдын төлөө амьдарч байгаа юм шиг , бусадгүй л бол өөр гараг дээр ганцаараа хаягдсан юм шиг галзуурах дөхдөг байсан зангаа цаг хугацааны, амьдралын хэрчлээнд туучаад орхиж.

     Өнөөдрийнхөө хоосон сэтгэлийг, хоосон халаасаа зөвхөн өөртөө л тохон нааж маргааш гэсэн итгэл, мөрөөдөл, магадгүй хэтэрхий шунаг байж мэдэх хүслээрээ л хооллон урагш алхсаар. Өнөөх гомдомхой даруухан охин итгэл, гомдол, тунирхлаа хаана гээгээ вэ?
Нүдэнд харагдах эмэгтэй төрх минь илүү тодорчээ. Зөвхөн төрх минь шүү... Час улаан уруултай, бас олон өнгөөр хувирч чадах нүдний өнгөтэй болж. Харин дотоод сэтгэл минь дэндүү эршүүжиж. Ухрах зам, буцах хүсэл, амрах амралт, гомдох сэтгэл, уйлах шалтгаан, эрхлэх боломж, хайрлах бас хайрлуулах чөлөө өгөхгүйгээр өөрийгөө шийтгэдэг болж. Хайртай дотны хүмүүс маань холдож алсрахад нь яагаад ч гэж асуухгүйгээр зөнгөөр нь орхиж зүрх сэтгэлдээ улам бүр хатуу бас  ганцаараа болчихож. 

Айх, хулчийх, буцах, ухрах, бууж өгөх гэсэн бодлууд.., хэрвээ бууж өгөх юм бол, хэрвээ болж буй, тулгарч буй асуудалд ялагдвал гэсэн бодол айдас төрүүлж айхгүйн тулд, хулчийхгүйн  тулд, буцахгүйн тулд, ухрахгүйн тулд, бууж өгөхгүйн тулд амьдралтай тэмцэлдсээр.
Хамгийн аймшигтай нь ганцаараа.., орчлон дээр орь ганцаараа юм шиг мэдрэмж байнга төрөх нь хүйтнээс хүтэйн. Энэ хүйтнийг өөрөө өөртөө л төрүүлсэн гэхээр..,Хэн нэгэнд төвөг удахгүй юм шүү гэсэн бодол.., магадгүй энэ бодолтойгоо хоёулаа үлдээд байгаа нь энэ байх..,

Эмэгтэй төрхтэй, эрэгтэй сэтгэлтэй хүйтэн бүсгүйг өдрөөс өдөрт ургуулсаар л.....Хайрладаг тухай мартсан ч хаяа хайрын тухай хүсэл үнэртдэг. Тэр бүрт цаг хугацаа, эсвэл хувь заяандаа бүхнийг даатгаад дахиад л мартаж орхино.  Өмнөхөөсөө илүү өдөр бүртээ, ирээдүйдээ, хүсч буй амжилтандаа, өөрийн болгох ажилдаа л бат итгэнэ. Бусдад гэнэнээр итгэдэг байсан үеээ бас л гээж яг одоо болж буйд л  илүү итгэнэ. Өмнө нь зүрхээ сугалж өгөөд л инээсэн бүхэнд итгэдэг байсан ч зүрхийг минь бас сэтгэлтэй минь хамт хамгийн гоёор инээдэг хүмүүс юу ч үгүй болтол гишгээд хөсөр хаячихдагийг мэдэрсэн болохоороо хаширчихаад байгаа нь энэ байх.

Цаг хугацаа, өдөр хоног, өглөө оройг ялгахгүйгээр ажиллах, яагаад гэвэл хэн нэгэн надад маргаашийн ширхэг талх бариад ирнэ гэдэгт бас л итгэдэггүй учраас. Энэ л жинхэнэ амьдрал байх. Жинхэнэ амьдралтай нүүр тулж байгаа нь энэ аж.

Би биш...би хуучин Би биш. Энэ бол зөвхөн өөрөө өөрийнхөө амьдралын төлөө хийж буй, хийж чадах миний тэмцэл.
Харин итгэж байна. Өөрийгөө гээсэн, өврөөсөө хаясан золиос бүрийн минь хариуд цаг хугацаа намайг шагнана гэдэгт. Яагаад гэвэл ХҮН гэдгээ мартаагүй, ХЭН байснаа бас л мартаагүй, ХҮН чанараа хаяж зүрхлэхгүй учраас. Эцэг эхээс заяасан ХҮН чанар гэдэг гал сэтгэлд минь бадамласаар байдаг, намайг амьд цагт унтрайхгүй, надаас хойших үр удамд минь ч дамжин бадамлах учраас би хүн биш болох вий гэж айдаггүй.
Би зүтгэсээр..,

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant