Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-02-27
Мөнх Тэнгэрийн Хавар
1393497124.

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар...нарны илч наашлаад хавар айсуй. Хавар ирэхээр би аавыгаа илүү их санадаг. УАЗ 469 машины  урд суун явах аав минь аян замын уртыг хагаслан намуухан хоолойгоор Мөнх тэнгэрийн дор...гээд л дуулж эхэлдэгсэн.

Холхи нар ойртож хасын цас хайлахад

Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ

Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана...Мянга мянган хаврын 50-хан хаврыг магтан дуулдсан аав минь өдгөө амьд сэрүүн байсан бол нас намба нь жигдэрч 60 гарсан сайхан эр байх байсан. Зүүд гэдэг сонин шүү. Ид сайхан насныхаа төрхийг зүрхэнд минь тамгалаад явсан аавынхаа өтөлжүү настай төрхийг нь зүүдэндээ би харсан. Маргааш нь ямар их шархирсан гээ. Санах л юм даа.

Хээрийн галуу айлчилан ирж гангар гунгар донгодоход

Гэртээ суусан малчин түүнийг сонсон уярна

Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад

Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ..Хээрийн галуу ганганан ирэхийг сонсох өнчин зүрхтэй надад бас л хэцүү мэдрэмж. Ертөнцийн хаанаас ч юм ирэх тэр галуунд хаашаа ч юм одсон аав минь үгээ дайгаад нисгэсэн мэт санагдаж нүдээ хөхөртөл тэргэр өртөөлөн нисэх тэр галуудын цувааг ширтэх.

Эелдэг урихан амьсгал ариухнаар үнэртээд

Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд

Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана...Хорвоод анх ирэхэд минь ямар их баярлаа бол аав минь. Хорвоогоос үүр одоход тань ямар ч ихээр шаналав даа. Мөнх тэнгэрийн дор дахин нэгэн хавар зүрх сэтгэлд минь аавтай минь хамт ирдэг. 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax