Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-05-17
Буруу номын сэтгүүл зүйг "Хөгжүүлэгчид"

Өнөөдөр өглөө ажилдаа ирээд Өдрийн сониноос  “сэтгүүлчид нийгмийг гэгээтэй болгох бүхнийг сөнөөж байна” гэсэн нийтлэл олж уншлаа. Сэтгүүлчид хэмээн олон тоон дээр нэрлэгдээд ирэхээр миний бие ч бас энэ тоонд орно. Тэглээ гээд би биеэ өмөөрөх хүсэл төрсөнгүй.

Яагаад гэвэл би сэтгүүлчид нийгэмд хар барааныг илүү түгээгээд байна гэдэгтэй санал нийлдэг. Болохгүй бүтэхгүй, хар бараан, хийж бүтээгээгүй, ядуу буурай бүхнийг олж гогдон тэр тухай улиг болтол бичдэг, төрд байгаа л бол луйварчин болгож, бизнес хийж байгаа л бол шуналтай гэж үзэн “ялладаг” тэр сэтгүүлч сайн сэтгүүлч нэртэй,  эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэгч болдог. Гэвч энэ бол өрөөсгөл ойлголт.

 

Нэг юмыг олон давтахаар үнэн болдог гэдэгтэй яг адил. Бүх зүйл нэмэх хасах хоёр туйлтай байдаг. Зөвхөн хасах туйл дээр оччихвол тэндээс ямар ч нэмэх цэнэг, гэгээ олж харж чаддаггүй учраас харсан зүйлээ л бичдэг. Тэр бичсэн зүйлээ нийгэм рүү, олон нийтийн тархи руу “чихдэг”. Сүүлдээ бүр нэмэх туйл байдаг гэдгийг мартаад, нэмэх туйлтай нь шүргэлцэхээр маслаад байдаг.  Түүнийх нь үрээр хүмүүс гэгээтэй зүйлийг, түүнд хүрэх боломжийг олж харж чадахгүй байна.

 

Болно бүтнэ, өснө хөгжинө гэсэн итгэл, сэтгэлгээ тун багатай болгож байна. Үүнээс гарч буй үр дагавар нь өөрөө хөгжихийг, хөдөлмөрлөх арга гарцыг илүү олж харж чадахгүй зөвхөн үзэн ядах, атаархах, гүтгэх, бэлэнчлэх, өрөвдүүлэх тэр сэдлийг олгож байдаг. Амьдралд ямар хүн ялдаг тал дээр их олон зүйл бичиж болно. Яагаад гэвэл энэ амьдрал муугаасаа илүү сайнаар дүүрэн. Тийм ч учраас дэлхий ертөнц оршин тогтнодог гэдэг сайхан үг байдаг. Тэгвэл тэр ялагчийн тухай, тэр сайхан зүйлсийн талаар яагаад илүү түлхүү бахархалтайгаар бичиж болохгүй гэж.

 

Хөдөлмөр бол хөгжлийн тулгуур гэдэг үг социализмийн үеийн үзэл сурталтай илүү дөхүү сонсогдож байгаа байх. Тэр үед хөдөлмөрлөөгүй хүн бол нийгмийн бузар булай, хөгжлөөс хойш татагч гахайны эзэн байсан гэх. Харин жинхэнэ капиталууд хийгээд капиталыг бүтээгчид бүр байх ч ёсгүй байсан гэдэг. Тиймээс ч капитализмыг аласгалж социализмаар хөгжсөн. Тэр “хөгжлийн”  дараа манай нийгэмийг  харин өнөөх алгасан одсон капитализмых “гол хөгжүүлэгч” болох ардчилал угтаж авсан.

 

Алдаж болно оо. Алдаж байж алдаан дээрээ суралцан дахиж алдахгүйгээр урагшлах ёстой. Манай улсын нийгэм хөрөнгө баялгийг бүтээгчдээ гадуурхаж байсан социализмын тэр үед алдсан байсан юм бол одоо алдаагаа давтах эрх байхгүй. Одоо бол 30, 40-д жилийн өмнөх шиг тэр үе биш. Одоо үе бол ардчилсан, хөрөнгөтөн нийгмийн үе. Гэтэл өнөөх л соц сэтгэлгээгээрээ хийж бүтээж байгаа хувийн хэвшлийнхнийгээ улыг долоож үйл тамыг нь үзсээр.

 

Бусдаас илүү сэтгэдэг, бусдаас илүү холыг харж чаддаг, бусдаас илүү хөдөлмөрлөж чадсан, хийсэн ажил нь бусдын хөгжлийн гарц болж байдаг  тэр капиталуудыг ад үзэх сэтгүүлчдийн сэтгэлгээ  хийж бүтээсэн, сэтгэсэн хүмүүсийн хийсэн ажлынх нь үнэ цэнийг олж харах сэтгэлгээнээс нь илүү хөгжсөн юм уу даа гэж боддог. Бат эхнэр хүүхдээ зодсон, Дорж хулгай хийсэн, айл гэр шатлаа, авгай хүүхнүүд муудалцлаа гэх мэт хэргийн хойноос улайран зүтгэж хөөцөлдөж байгаад мэдээлэл олж авдаг мөртлөө тэр байгууллага тийм бүтээн байгуулалт хийлээ гэхээр төлбөр мөнгө төлөхгүй л бол хөдөлдөггүй.

 

Сайн сайхан, хийж бүтээж байгаа зүйлийг нийтэд мэдээлэхээр уншигчид ч түүнийг нь зүгээр л сурталчилгаа гэж хүлээж авдаг. олон нийтэд тийм сэтгэлгээ суутал нь “нүдчихсэн”.  Хатуугаар хэлэх юм бол жинхэнэ хөгжлийг хойш татагчийг, “сурталчидаг”. Үүний үр дүнд сайн зүйл гарч байгаа эсэх нь тодорхойгүй. Тодорхойлогдох ч аргагүй юм. Нийгэм тэр чигээрээ туйлшрах, даган дуурайхдаа амархан байдаг. Тэрхүү сэтгэлзүй дээр бид болохгүйг биш харин болж бүтэх боломжтой бүхнийг тарьж үндэслүүлэх хэрэгтэй.

 

Баялгийг бүтээсэн бүтээгчдийн арга барил, ололт амжилтын бодит жишээ баримт зэргийг илүү таниулж мэдээлэх юм бол  даган дуурайх, санаа оноо авах, зэрэг бодлууд хүмүүсийн тархинд суугаад ирнэ. Итгэлт баян шиг чи ч гэсэн яагаад баяжиж болохгүй гэж гээд уриалаад өгөхөд сэтгүүл зүй гажуудад байхгүй. Зөв тийшээгээ гажуудах нь хэтийн хөгжлийн үүд хаалга болно. Итгэлт баян тамирын голын мөсийг долоох шахаж байж капиталыг бий болгосон. Тэрхүү капитаалаараа ядуучуудыг хаяандаа авч явж байсан, одоогийнхоор бол ажил олгогч юм. Юм хийж бүтээж байгаа хүн маш олон хүний амьдралын баталгааг ар нуруундаа үүрч явж байдаг их хүнд ажилтай  завгүй хүмүүс.  Тэр хэрээрээ ч өндөр хариуцлага хүлээж байдаг.

Харин хамгийн завтай хийх ажлаа олж ядсан хүмүүс бол шүүмжлэгчид, үгүйсгэгчид юм. Тэдэнд сэтгэж бүтээх нь нээх их сонин биш. Яагаад гэвэл юуны ч өмнө хариуцлага хүлээгээгүй.

 

Харин  сэтгүүлч бид тэр үгүй хийгч, үгүйсгэгчдийн тоонд орох ёсгүй,  нийгмийг гэгээтэй болгох бүхнийг сөнөөгч байж болохгүй. Бид бол бүхэл бүтэн нийгмийн өмнө маш өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс. Тэр  үүрэг хариуцлагаа цаг ямагт эргэж харж байх хэрэгтэй, тэр үүргээ өндөр түвшинд, чанартайгаар биелүүлж, хариуцлагаа үүрэх чадвартай байх хэрэгтэй. Худал хуурмаг, муу муухай, дутуу дулимаг мэдээ мэдээлэл цацлаа гээд сэтгүүлч хүн хувь хүнийхээ үүднээс хариуцлага үүрээд өнгөрдөг ч харин цаана нь мянга мянган уншигч, сонсогч ард иргэд сэтгэлзүй, сэтгэлгээ, мэдлэг мэдээллээр нийтээрээ хохироод үлддэг. Тэдний өмнө сэтгүүлч ямар ч хариуцлага үүрдэггүй.

 

Эргээд “эрүүл” мэдээллээр хангаж засаж залруулах хүртэл цаг хугацаа аль хэдийн урсан одож, нийгэмийн ухамсар шууд хурдан хугацаанд эрүүлжих боломжгүй болсон байдаг. Амьдрал боломжоор дүүрэн. Тиймээс сэтгүүлч миний мөнхийн хүслэн бол тэр олон боломжийг атгах, боломжоор дөрөөлөн илүү сайн сэтгэх, хөгжих, баялаг болох арга зам, туршлага, амжилт ололтыг нийгэмд, уншигчдад хүргэх, өөрөөр хэлбэл гэрэл гэгээг дамжуулагч байх явдал юм.

06/2013
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax