Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-08-12
Орчлонд мэндэлсэн 28 дахь өдөр
1407818347


     Алтайн хөх уулсын дунд  “Цагаан өтөг” нэртэй дулаахан буудал бий. Тэр бол миний хорвоо ертөнцтэй холбогдсон анхны минь “унасан” газар.  Төрсөн буудал минь хаан суудал шиг л өнөөх л хэвээрээ өнө мөнхөд намайг хүлээж байдаг юм. Би азтай хүн шүү. Харин угаасан ус минь БОРОО. Намайг мэндлэх тэр үед ширүүн бороо орж байсан гэдэг. Тиймээс ч би бороонд дуртай.

Энэ биеийг минь тоссон  авралт хүн бол миний Хөгшин ээж. Тэрээр намайг  “Энэ Улаан хүн болох гэж өөрөө дурлаж ирээд зөнгөөрөө хүн болсон юм. Зөнгөөрөө л амьдраад явна” гэдэг байв.  Учир нь эхийнхээ хэвлийд шарлаад дутуу сайртай төрсөн би хүн болохын аргагүй улаан шар “юм” уйлах ч үгүй, нүдээ ч нээхгүй, мөөмөө ч амлахгүй “амьтан” төрсөн болохоор нь Хөгшин ээж  “энэ яаж хүн болно оо” гэж бодсон хэмээдэг. Зөөлөн хорвоогоос зөрүүлж нисгээгүй хувь заяандаа би  хайртай.

Ээж минь төрөх болоогүй тул хөдөө хөшгин ээжийнд очсон байхад нь би дутуу сайртай төрсөн учир социализмын “чанга” үед сэхээтэн хүмүүс байж эмнэлэгт биш хөдөө, гэрт  хүүхэдээ төрүүлсэн хэргээр аав ээж хоёр банга хүртсэн гэдэг. Алган дээр тогтох шүүдрийн дусал шиг нандигнан ариун хэвлийдээ тээж төрүүлсэн энэрэлт ЭЭЖДЭЭ,  өнөөдөр ингээд үгийн хэлхээ холбоод суух ундрагыг хайрлаж бүхий л насаараа хоолоо олж идэх оюуны хөрөнгийн минь ариун уурхай болсон ачлалт ААВДАА талархаад ханамгүй.

Аав ээжийнхээ хайр, сэтгэл, буян, авьяас, чавдар, сүүн замналаас үргэлжилэн цэцэглэх нэгэн ижил хувь заяанд төрсөн Ах Эгч нартаа баярлалаа. Тэднийхээ сүүдэр нь болж дэрвэж өссөн юм шүү дээ би чинь. Мөн хань ижил үр хүүхэдүүдэд эрүүл энх, аз жаргалыг хүсэе.

Анд найз нөхөддөө, мэнд хүргэсэн хүн бүртээ, нэрээр минь дуудаж зүсээр минь таньдаг эрхэм хүмүүн бүхэнд, блогийнхоо уншигчиддаа баярлалаа. Сайн сайхныг хүсэе.

Хүний орчлонд мэндэлсэн 28 дахь өдөр минь.


Сэтгэгдэл:


Goe ymaaa
Бичсэн: Зочин цаг: 02:30, 2014-08-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax