Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-04-09
Дангинатал түгжсэн хаалганы цаана
 1378862_866832056722445_370914909233697345_n

ХЭН
Хэн над шиг 
Хөшгөө ч нээхгүйгээр гэрлээ ч асаахгүйгээр
Хөл нүцгэн тэгээд бас малгайгүйгээр лаагаа бариад
Бодол сэтгэлдээ уул ургуулаад бас цас оруулаад
Тэр уулаа ганцаараа... 
Цор ганцаарханаа 365 хоногт давж гарч чадах юм бэ
ХЭН Ч 
хэн ч чадахгүй

ХЭН
Хэн над шиг
Үүр цайхад, үдэш ирэхэд, үүрэглэх нойрондоо ч 
Өөртэйгөө зөвхөн өөртэйгөө ярьж
Дангинатал түгжсэн хаалганы цаана
Дурлалт залуугаа хүлээлгэчихээд
Дуу авиа ч, бөртийх гэрэл ч гаргахгүйгээр 
Зуун хоног зуун нэгэн шөнө хүлээлгэж чадах юм бэ
ХЭН Ч
Хэн ч чадахгүй 

ХЭН
Хэн над шиг
Ургаа мод, урсгал ус, дүлий чулууг 
Хүнээс илүүд үзчихээд 
Урсах нулимсаа ч, ундрах инээдээ ч, үнэн дүрслэлээ
Зөвхөн ус ургамал чулуунд итгэж хашгирчихаад
Онгон биеэ түүнд үлдээгээд гарсан тэр өглөө шиг
Олдох бүх л цаг хугацааг хэнд ч худалдахгүй гөлийж чадах юм бэ
ХЭН Ч
Хэн ч чадахгүй 

ХЭН
Хэн над шиг
Үүрийн сүүмгэр гэгээ шиг 
Тэр усан саарал нүдэнд
Зүрхээ, нүдээ, сэтгэлээ, өөрийгөө шигтгэчихээд
Өөрөөсөө өөр хэнрүү ч харуулахгүйгээр 
Тэр харцыг 
Урууландаа, цээжиндээ, бүхэл биеэндээ
Хэзээ ч мартагдахгүйгээр эд эсээр нь шингээж чадах юм
ХЭН Ч
Хэн ч чадахгүй

Хэн
Хэн ч над шиг
Хиймэл мэт боловч
Хамгийн бодитоор
Хуурамч мэт боловч
Хамгийн үнэнээр
Ганцаараа бас
Ганцаардалд дурлаж амьдарч чадахгүй  



Сэтгэгдэл:


gaihaltai goy bichjee. mundag shuu amjilt
Бичсэн: Зочин цаг: 11:25, 2015-04-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax