БИ МЭДРЭМЖГҮЙ

Би дэндүү мэдрэмжгүй
Бас дэндүү хайхрамжгүй
Би дэндүү хуучинсаг
Бас дэндүү уйтгартай
Би үсээ бусадтай ижилхэн болох гэж буддаг
Гэвч үс минь үргэлж дотошгоогоо ургаад
Будагтай өнгөө амархаан алдчихдаг
Би нүүрээ бусадтай адилхан болох гэж буддаг
Гэвч будаг маань дотоод хүнд минь ерөөсөө хүрэлцдэггүй
Ямар өнгийн хувцас моданд орж байгааг би ерөөсөө хайхардаггүй
Бүсгүйчүүд бүгд ижилхэн өнгийн хүрэмтэй болсоныг хараад л
Би ганцаараа өөр өнгийн хуучин хүрэмтэйгээ яваагаа сая л анзаардаг
Хэн ч биш бөөгнөрсөн хүмүүс
Аль хэдийн ХЭН нэгэн болсон хүний талаар
Шүднийхээ завсраар орсон хог шиг хамаагүй үг урсгахыг
Ялгаж сонсож, тэдэнтэй хамт яриасаж чаддаггүй
Би дэндүү мэдрэмжгүй
Ялаа шиг нисэж гарсан тэр үгс нь
Батгана шиг том болж баагаад
Хаа сайгүй өтөө цацсаны дараа ч
ХЭН нэгэн болсон тэр хүний тухай
Хуучин бодол минь өнөөх л хэвээрээ сэтгэлд үүрлээд
Өтөнд бариулж ялзардаггүй болохоор би дэндүү хуучинсаг
Нимгэн тирко, богино банзал, өндөр өсгийт, тачигнах инээд...
Намар биш хавар болж байгааг харуулаад байхад би мэддэггүй
Навчгүй нүцгэн байсан мод нахиалан, ногоон туяа татаж,
Сүүдэр минь илүү өндөр болчихоод намайг илүү удаан дагаж,
Цонхонд хурсан цан харуусалтайгаар хайлан доош урсаж,
Хүрэмний минь хүнд малгай толгойд хүнддэж хөлс бурзайхад
Сая л би намар бас өвөл дуусаад зун ирэх гэж байгааг мэддэг
Би дэндүү уйтгартай
Бичсэн: ulaankaa | цаг: 10:57 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих