Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-11-14
Зүүдний модод /Өгүүллэг/

     Түүнийг тойрон ой эргэлдэнэ. Нүсэр шигүү ойн дунд бяцхан цоорхой байх агаад тэрхүү цоорхойд 3 мод хөдөлнө. Сайтар ажихнээ өнөөх гурван мод амьд агаад мөчрөөрөө бие биетэйгээ холбоотойгоор тайван жаргалтай нь аргагүй тойрог үүсгэн найгах аж. Бүр сайн ажихнээ нэг дахь нь том өндөр, хоёрдахь нь арай намхан харин гуравдахь нь бяцхан мод байх ажээ. Аав, Ээж, Хүүхэд гурван мод байхыг тэрээр сая анзаарав...Ойн цоорхойд нар шуналтайгаар тусах агаад дөнгөж татарсан борооны чийг солонгорон тусах нь тэр гурван модонд аз жаргал нэмэх мэт...харин өнөөх гурван модноос хайр ундран ойн цоорхойд илүү үзэсгэлэн нэмэх ажээ.

     Түүний зүрхэн тушаа гэнэт халуу төөнөн зүйрлэхийн аргагүй аз жаргал мэдрэгдэж инээд баясал сэтгэлээс нь урсан тэрээр өтгөн бор үсээ арагш саван инээж эхлэв...гэтэл өнөөх хоёрдахь ээж мод яг л өөрийнх нь хөдлөх инээх аясаар мөчир юугаа найгуулан бүжиж эхлэв..Аав мод хүүхэд мод хоёр ч бас түүний бүжих аяст уусан нэгэн хэмээр адил найгалдахад тэрээр ээж мод нь өөрөө болохыг мэдэв...Ойн цоорхойд бүжих гурван мод мөчир мөчрөөрөө холбогдон бие биедээ уусхуй дор тэрээр өөрийгөө хүн гэдгээ, бас хүний л жамаар хүнээрээ тэжээгдэн амьдрал дээр ирсэн гэдгээ ухаарав...Өнөөх гурван моддыг харан ой ухаанаа цуглуулж байхуй үед аав ээж хүү гурван мод гар гараасаа хөтлөх мэт мөчир мөчрөөрөө холбогдон эгнэсээр алгуурхнаар ойн дунд уусан орж явав...

Чулуу мэт дарах хүнд аньсгаа арайхын нээж бүсгүй алгуурхнаар саяны зүүднээсээ сэрэв. Хөшигний сиймхийгээр өглөө болсныг илтгэн бүрэг саарал гэгээ тусчээ. Хөнжил нь хүртэл хүнд санагдаж оройжин уйлсан учир хавдаж улцайсан зовхи нь нүдийг нь дарах адил сэтгэлийг нь мөн дарсан хэвээр...хөнжлөндөө түүртэн байж хойш яраад арай ядан босож сульдаж суларсан гараагаа ус аягалан ганц хоёр балгалаа. Хоёр хөл нь сэтгэлдээ даруулан хүндэрсэн биеийг нь арайхийж даах адил өвдөг нь чичирнэ.  Дарагдсан өнөөх сэтгэлээ бодхуйяа оройжин урсгасан нулимас нь дундарч амжаагүй гэлтэй цийлэн совхиныг нь араас дахин давалгаалж ирэхүйд тэрээр нүдээ тас анилаа...Аньсан нүдэнд нь нов ногоон өнгө тунаран үзэгдэхэд бүсгүйн аниатай нүдэнд ойрд зөвхөн хар өнгө л харагдаж байсан тул гэнэт цийлэлзсэн тод өнгөнд цочих мэт толгой нь эргэж дайвалзан ханын толио түшин тогтлоо. Ногоон өнгө нүдэн дотор нь бүр тодрон ургасаар байх агаад урсах гэж байхад нь буцааж цалгисан нулимас нь алтан шаргал өнгө болон сэтгэлээс нь тунарч эхлэв...Борооны үнэр, бас моддын чимээ, нарны туяа өөрийг нь эзэмдэхүйд зүүдээ сая л санав. Тийм ээ аав ээж хүү гурван мод...ойн цоорхой. Түүнтэйгээ яг л намуухнаар найгах ойн дунд, зөөлөөн ширвэх борооноор хөтлөлцөн алхаж байсан шүү дээ. Харин хайртай залуу нь дахиж түүнийг хөтлөөгүйд, дахиж түүнийг хайрлан дуудаагүйд, дахин түүнийг удаанаар зөөлөн үнсээгүйд, дахин түүнийг халуун энгэртээ тэвэрч дулаацуулаагүйд, уруул дээр нь шунан шунан үнсэж өглөөг хамт угтаагүйд...Ор тас танихгүй хүн шиг болсонд... хамт алхаж байсан ойн цоорхой дахь замаар түүнийг хаяад ганцаараа алхаж одсонд тэр өнөө өглөө ийнхүү сүнс сүг шиг амь үгүй мэт дуртай дургүй өглөөд эзэмдүүлж, өчигдөр оройжин бас тэрнээс өмнөх олон олон өдөр, өнөөдөр бас маргааш үргэлжлэх олон өдөр элгээ тэврэн ганцаараа цурхиран уйлхаар ийнхүү зогсож байгаа нь энэ... хагацал нь бүхий л биед нь зүрх сэтгэлд нь нулимсанд нь оюун ухаанд нь шингэж, сэтгэлээ биеэ дааж чадахаа байсан бүсгүй маргаашийг ч битгий байгаасай хэмээн биеэ арай гэж даан толио түшин зогсож байгаа нь энэ...

     Нүдэнд нь тунаран буй өнөөх ойн ногоон өнгөтэй, хүчлэн цааш залгилсан нулимас нь алтан шаргал өнгө болон нийлэн тунарсаар хүндэрч хавдсан зовхийг нь нээх гэж хүчилнэ. Дахин “амьдарч” эхлэх тухай бодол нар туссан ойн цоорхой мэт оюун ухаанд нь үүсэж бүрхэг тэнгэр цэлмэх үе шиг сэтгэлд нь зурсхийх авч хүлээж авах чадал тэнхээгүйгээр, зориггүйгээр, бүр хүсэл ч үгүйгээр зогссоор л. Өнөөх зүүд оюун ухаанд нь амьдрал, амьдрал бий, дахин амьдар гэх шиг аянга мэт нүүргэлж эхлэхэд гунигт живсэн бүсгүй хөл нь бадайрхыг мэдрэн нүдээ нээн толиндоо харав.
     Зүүдэндээ жаргалтайгаар хаялан байсан өтгөн бор үс нь шингэрч, нулимсанд нь норон бөөгнөрөн хатаж хацрыг нь даган унжжээ. Хайрт залуу нь гижигдэн үнсдэг байсан хүзүүнд нь удаан хөдөлгөөнгүй хэвтсэнээс үүссэн судал татаж, эгэмнийх нь яс ёрдойно...Эцэж турсанаа тэр одоо л анзаарав. Цээжин дээр нь түүнээсээ үлдсэн ганц зүйл болох цамцных нь цахилгааны мөр яг л зүрхнийх нь шарх шиг дурайна. Хэрвээ энэ цамц амьд бол түүний олон өдрийн нулимас шаналал бүгдийг биедээ шингээж тас тэврэн базсан хумсных нь ормонд өвдөн шаналах байсан ажгуу.

     Хэзээ ч инээж байгаагүй мэт түүний цонхигор царайнаас инээмсэглэл ор тас арилжээ...Аав хүү моддын дунд жаргалаа дааж ядан цангинатал инээж байсан өөрийнхөө төрхийг зүүдэндээ харсаа санан тэр дахин цочив...хэзээ хамгийн сүүлд инээснээ ч ор тас мартаж орхисон байв. Мартах ч гэж дээ шаналант хагацал нь залгиж орхижээ. Ойн цоорхойд солонгорон үлдсэн борооны үнэр өнөөх зүүднээс нь ханхийх шиг болоход хайрт залуу нь түүний үнэрт хачих их дуртай байсныг нэхэн дурслаа. Бүсгүйн сэтгэл зүрхэнд түүнээс өөр юу ч байхаа больж дахин амьдрал хөвөрнө гэдэг бодлыг оюун тархинаас нь арчин хаясанд тэр өөр юуны ч тухай биш түүний тухай л санадаг болжээ.

     Тэр яг одоо шаналалд автсан өөрийнхөө үнэрийг ч мэдэхээ байжээ...хагацал шиг нь нэхүүн үнэр ханхийхэд тэр толинд харагдаж буй дүрсийг өөрийгөө гэж итгэж чадсангүй. Хайр нь, итгэл нь, хайртай залуу нь, хагацал нь, хүсээгүй төгсгөл нь түүнийг ТЭР биш болгочихож...Төгсгөл...Төгсгөл...Төгсгөл биш гэсээр өнөөх зүүдний гурван модны өнгө дахин тунарах мэт нүдэнд нь үзэгдэж сэтгэлийг нь гийгүүлэх гэж хичээх шиг... Тэр өнгө нүүрэнд нь тодорчээ. Олон хоног гомдолдоо ядарч сульдсан тул нүднийх нь дор ногоон туяа татсан нь энэ аж.
Үзэсгэлэнт ойн цоорхой дахь бие биедээ ууссан жаргалын гурван мод түүнтэй чаргууцалдсан хайр, хагацлын төгсгөлийг амьдрал болгон үндэслүүлэхээр зүүдийг нь ороожээ. Аав ээж хүү моддын мөчир салаанд түлхүүлсээр бүсгүй чөрийж сульдсан хөлөө зөөн угаалгын өрөөндөө орж баннандаа ус тосож эхэллээ. Бага багаар дүүрэн тунарах банны усан дээр өнөөх нар туссан ойн цоорхой тольдон гарч ирэхэд...усны гоожих чимээ түүнтэйгээ хамт норон гүйсэн бороон чимээ шиг чихэнд нь сонсогдлоо.

     Усруу асгасан савангийн цагаан хөөсөнд зүүднийх нь шигүүн ой, Аав, Ээж, Хүүхэд гурван модны өнгө шиг ногоон туяанд уусан томорсоор...тэр яг одооноос эхлэн өглөөний зүүдээрээ амьсгалж, хооллож эхэлж буй мэт санагдав...
     Зүүдний төгсгөл санааруу нь урсан орж ирэн үргэлжилвээ. Аав Ээж Хүүхэд гурван мод мөчир мөчрөөсөө хөтлөлцөн ойруу орж явах үед Аав мод түүний нэрээр дуудан Би Чамд Хайртай хэмээн чангаар хашгирахад түүний жаралтай дуу ойгоор дүүрэн цуурайтаж олноороо цоргилон нисэх жувуудын жиргээ хөгжим адил цуурай болон нийлэн сонсогдоход бүсгүй дахин цочив. Хаалганых нь хонх ийнхүү шувуу шиг жингэнэж хэн нэгэн түүний нэрээр хашгирч байх...ямар нэгэн танил дуу хоолой...Тийм ээ тэр мөн байна. Зүүдний Аав модны дуу мөн байна. Зүүдний ойн цоорхойд бороо зогсож тэнгэр гэнэт цэлмэж бороон чимээ солонгорсон шиг бүсгүй тэр танил чимээнд автан угаалтуурын усаа гэнэт хаав. Аав модны дуу нэрийг нь уучлал эрэн дуудсаар, өнөөх шувуудын дуу шиг хаалганых нь хонх таслартгүй цуурайтсаар.

Сэтгэгдэл:


унаж гэмээнэ лд дурлал юм шүү дээ
Бичсэн: ulaankaa цаг: 16:52, 2017-12-09 | Холбоос | |


Хайр дурлал бүтэлгүйтсэнээс болж тэгж их сэтгэл санаагаар унадаг юм байх даа. Мэдэхгүй юм
Бичсэн: dadido цаг: 22:12, 2017-12-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax