Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-12-09
Гучин нас минь буруугүй
     Юуг ч буруу хийхгүй, хэнд ч хор хүргэхгүй, хэнийг ч гомдоохыг хүсэхгүй, буруу замаар явахгүй гэж хичээж, ухаанаа урдаа барин, бас удам судраа хайрлан явахуй дор өөрөө ч мэдэхгүйгээр буруутан гэмтэн болох нь цөөнгүй. 
     Сугадаад гудамжаар алхах хань ижилтэй болж амжаагүй гучин насны минь босго хэн нэгэнд хэтэрхий өндөр санагдана. Ямар нэг учир цаана нь нуугдаж байна гэх харын бодол бусдад байх агаад түүнд нь би "буруутай".
     Хөтлөөд алхах үртэй болж амжаагүй ч хүүхдийн инээдэнд ханахаа мэдэхгүй жарган суух ирээдүйн тухай хүсэл, хайр, мөрөөдлийг минь хүмүүс мэдэхгүй атлаа гуч хүрчихээд хүүхэд хүсдэггүй хүйтэн гэж гоочилно. Үүнд би бас л "буруутай".
     Олны дунд үнэнээрээ оршиж, олон өнгийн баг зүүж чадахгүй бие даасан бодол, бусдаас гуйгаагүй өдрийн хоол, өнөөдрийн сууриа цутгасан цагаан хөдөлмөрийг минь ч бусдын түрийвч, ор хөнжилтэй холбон хардана. Үүнд бас л би "буруутай". 
     Хэн нэгний халаасанд бас цүнхэнд орж суугаагүй, үүл шиг дагаж нүүгээгүй үнэ цэнэ үзэл бодлыг минь хувиа хичээсэн хэмээн өнгө будаг оруулах гэж аанай л өөлчилнө. Би бас "буруутай".
      Өдийг болтол хүнтэй суухгүй, хүүхэд гаргахгүй юугаа хийж явдаг юм гэж өөрийн минь өмнөөс шалтгаан өө хайн мөрөн гол шиг мөрөөрөө урсах амьдралд минь үер цутгана. Бусдад харагдах, яригдах авч  зөвхөн ганцаараа даван туулж буй өөрийн амьдралынхаа өмнө би түмэн "Нүгэлтэй" гэнэ.
     Тогооноос нь хоол гуйгаагүй байтал гүүн зэл шиг дүүрч дундардаг амьдрал дунд дутуу бүхнээр минь түрий барин өнчин унага шиг намайг ганцаардуулна. 
Хувь тавьлагийнхаа замаар өгсөж уруудан алхах ахуйд өмнүүр минь алтан сүйх, аль эсвэл хар ангал байгаад би өөрөө тоож суухгүй, эсвэл тойрч гараад гүйсэн мэтээр заяа төөргийн минь өмнө ч  намайг "яллана". 
     Амьдарч буйнхаа төлөө ар нуруун дээрээ БУРУУ-г наалган "алхаж буйд" ганцаардмал мэт харагдах авч мөрөөдөл хүслээр дүүрэн  өдрүүд минь бас гучин нас минь буруугүй. 
Сэтгэгдэл:


Таалагдлаа
Бичсэн: Одгэрэл (зочин) цаг: 08:08, 2018-01-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax