Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-20
Диваажингаас оддыг тоолж суугаа

         Сэтгэлийн үг

Хөөрхий дөө намайг боож авсан

Хөгшин ээжийн минь тэнхээ муудлаа гэнэ

Тэнхлүүн насанд нь хэлж үзээгүй хайраа

Тэнгэрт харавхаас нь өмнө сэтгэлээсээ ганц урсгая даа

Хүүхэд насны минь тоомогүйн гэрч

Хөрвүү насны минь амьдралын багш

Өрнөх амьдралын минь халуун илч

Өтлөх насны минь мөнхийн наран

Улаан нялцгай биеийг минь анх тоссон халуун гар

Уруу хатуу газрыг гараар тулуулаагүй сургаалтан

Уйлж эрхэлж зовооход чихрээр хуураагүй ачтан

Уруул цорвойлгон гомхорход шилбүүрээр хүмүүжүүлээгүй

                                                                                           ухаантан

          Ах дүү арван дөрвөөс өнчин нулимас шиг тасарсан

          Аргадаж дийлдэггүй хорвоод ганцаар үлдсэн  толгой  

                                                                                           гэж

          Надад заяасан бурхан биеэ өөрөө адлан санаа алдаж

          Намайг орхиод одхоо ч олон үггүй ойлгуулна

Алтан нар шиг хоёр ах минь

Арав хоногийн дотор зэрэг өнгөрсөөн гэж

Хөлдүү хөх төмөр шиг амьдралын ширүүн жаварт

Хүүхэд гэж багачилалгүй үгээр дасгасан ижий минь

          Миний ээжээсээ унасан анхны нялзрай төрхийг

          Миний нэрээр цээргүй мөнхөлсөн ламтан

          Мөрөнд хүнддэх аргалыг цайгаараа хөнгөлөн дуудаж

          Мөөмнөөс салаагүй нялхарлыг хайраар хатуужуулсан шидтэн

Төрсөн гэрийн минь бурхан эзэн

Төрсөн ээжийн минь буянт ээж

Төрсөн аавын минь амьдралын ээж

Төрсөн нутгийн минь түүхийн эзэн

Төрсөн биений минь буурай ээж

          Нас нь ахих тусам хотны хэртэй л  алхаж

          Намайг өсөх бүрт тулганаасаа хол мөлхөж

          Энэнээс өөр ачтан надад үгүй гэх шиг

          Энхрий хүү шигээ таягаа л гартаа бөмбөрүүлнэ

Нэг л өдөр ээждээ ухаан суулаа гээд хүрхэд

Нэг биш олноор үг нь цөөрсөн байлаа

Насаа дагаж буурсан зовхи нь хаяа хөдлөхөд

Наран цаг нь хэдийнэ гэрээс гарсан байлаа  

  Зуны дэлгэр цагт л нүүдлийн шувуу шиг очиж

  Хүйтний жихүүн ойртоход бөртийтөл орхин буцаж

  Сэтгэлээрээ амталсан цагааныг нь цүнхнийхээ хэрээр

                                                            ууталснаас биш

  Сэтгэл доторх ганцаардлыг нь уудалж ханьсаж үзсэнгүй

                                                            дээ

Цэцэн ухаанаа аваад л харвачих  байх даа харамсаж байна

Цээлхэн аядуу дуугаа өөртөө л үлдээх байх даа гомдож

                                                            байна

Халуун биеэ хөргөөд л нисчих  байх даа сэтгэл өвдөж байна

Хайртай буурай минь бурхан болчих байх даа зүрх

                                                            шархирч байна 

          Халуун сэтгэлийн охь шингэсэн дулаахан бор гэрийн

          Хамар цоргих дотно үнэр нь миний мөнхийн дуудлага

          Хэнд ч хэрэггүй халцарсан эмээгийн модон орон дээр

          Хирчлээст орчлонд гаргасан анхны минь хээ бий

Үүрийн жавраар дуудаж өглөө босгож гал түлүүлхэд нь             

Үрээ гэж бодоогүйдээ унтуулсангүй гэж өмөлзөнө

Эхийнхээ араар орж залхуурлаа гэж аашлахад нь

Ээжид хайртай болхоороо гадуурхлаа гэж гоморхно

          Өнөө эргээд бодход дурсахад ч алдас болохнээ 

          Үрийхнээ үрийн тусыг үзлээ би азтай хүн гэж

          Түлсэн галых нь илчинд дулаацлаа би буянтай хүн

                                                                            гэж

          Ажил хийж сурахнээ амьдралд нь тус болог гэж

          Амарч унтаж чадалгүй хичнээн ихийг бодоо бол

Гунхсан сайхан бие нь хавирган сар шиг бөхийжээ

Гэрэлтэх сайхан нүд хүжийн гал шиг бүүдийжээ

Газар товшсон хөл нь тэнгэрийг үүлс шиг сулджээ

Гарцаагүй үнэн үгс нь өдрийн од шиг цөөрчээ

          Цагтаа ижий минь цалгиж явсан юм

          Цастай шуургыг сөрж дийлсэн юм

          Цэцэн үгээрээ хошуу нутагт алдаршсан юм

          Цагаан сэтгэлээрээ хотол олны хүйн ээж болсон юм

Наян насны давааг ануухан элээж суугаа

Намхан буурал эмээ минь найман настай болжээ

Шөнө дундын хэрд миний хажууд хүн байна уу гэж

Шөргөөгөөд орхидог хорвоогоос үрсээ эрэн бэдэрнэ

          Хил тогтоосон мэт зүүн орныхоо л өмнө

          Хөдөлж болохгүй гэсэн мэт өвдгөө тэврэн сууна

          Хүний гаранд бөөцийлөгдөж жаргалаа эдлэх авч

          Хөлчүү хорвоо ижийг минь насны хүлээсэнд уяжээ

Авдрын халив даахгүй ээ онгойлгоод өг гэж гуйна

Амттай юм байна уу олоод өгөөч гэж алгаа тосно

Намайг өсгөсөн зөөлөн гар надаас чихэр гуйж

Нартад амьдрал эргэдгийг надад зааж сургасаар

          Хөрөөний ир шиг хорвоог тэгшлэн босгосон амьдралаа

          Хөөрхийлж торниулсан үрсдээ залгамж болгон үлдээгээд

          Хувь тавьлангийн өмнө биднийгээ л зөвхөн адислаж

          Хурмаст тэнгэр үргэлж цэлмэг байхад баясна

Нар угтсан өглөөг буурай минь мөнхөд хараасай

Намайг бүтээсэн бурхан минь мөнхөд амирлаасай

Сэтгэлийн минь нандин үгийг минь сонсооч танд эрх нь бий

Сэмээрхэн битгий яваарай тандаа би хайртай

                                                          2009.05.03 нд

Одоо хөгшин ээж  минь орчлонд байхгүй болж зөвхөн зүрхэнд минь л үлдсэн
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax