Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-20
Захидал номер хязгааргүй
     
     Унтаж байгаа яг одоо та минь. Миний зүүдэнд ирж үсийг минь илбэдэг тэр л төрхөөрөө сайхан гэгч нь нойрсож байгаа. Магадгүй та минь одоо намайг зүүдэлж байгаа даа. Санаж байна уу ээжээ. Би жаахан байхдаа таныхаа гэдсэн дээр хөлөө тавьж унтдаг байсныг. Бас шөнө хар дарж зүүдлэхээрээ л аав ээж би айгаад байна гэж уйлан дуугараад та хоёрынхоо дунд ороод л нам унтчихдаг байсан. Заримдаа орноосоо унчихаад л бас л айгаад байна гээд, аав та хоёрын аль нэг нь ирж автал босохгүй уйлаад л хэвтээд байдаг тийм инээдтэй охин байж билээ.
     Одоо би энд хаяа хар дарж зүүдлэхээрээ таны өвөрийг бодоод л буцаад нам ундтаг. Ээжээ та намайг бүхнээс хамгаалдаг шидэт сахиусан тэнгэр гэдгээ мэддэг үү. Би нээрээ нэг хэрэг хийчихсээн ээжээ. Хэлэхгүй байя гэсэн ч хэлмээр санагдаад байхын. Танд гучаад жилийн өмнө аавын бэлэглэж байсан гээд нээх гоё болор шигтгээн цэцэгтэй цэнхэр ноосон цамц байдаг даа. Би тэр цамцны  шигтгээг нь аваад бугуйвч болгоод гартаа зүүчихсэн. Би таныг уурлахгүй гэдгийг мэдээд тэгсэн юм аа. Аав та хоёрын минь үнэр тэрнээс үнэртдэг юм аа. Тэр бугуйвч миний хамгийн үнэтэй сахиус болсоон  ээжээ. Ямар ч том брэндийн хичнээн үнэтэй эд байлаа ч миний бугуйвчны дэргэд ямар ч үнэ цэнэгүй харагдаж байна лээ. Би хийсэн бугуйвчаа танд үзүүлнэ ээ. Дэргэд тань мөнхөд байж таны зүүдийг манах юм сан. даанч дэндүү хол байгаа болохоор таныхаа зүүдэнд тань ч болов орох гээд л шөнө дөлөөр тандаа захиа бичиж сууна.
намайг санахаар би таныг дандаа дуудаж байгаа юм шиг сонсогддог гэж та хэлж байсан. Харин би таныг санахаар яадаг гээч. Нүдэнд минь үргэлж та үзэгддэг. Тэгээд л нүдээ аниад таныгаа бодохоор зүгээр л сүү үнэртэх шиг болдог. Тэгээд ээжээ гээд аяархан шивнэхээр тэр сүү сэтгэлрүү минь урсаж би яг л мөнхийн ус уусан юм шиг сэтгэгдэл төрдөг. Тиймээ та минь охиныхоо ганц олдох амьдралын мөнхийн ус юм шүү дээ. Зүрхээ чагналаа
                                       Ээж минь дуудаж байна
                                       Зүүдээ маналаа
                                       Ээж минь инээж байна
                                       Сэтгэлээ сонслоо
                                       Ээж минь эвийлж байна
                                       Нүдээ аньлаа
                                       Ээж минь үнсэж байна намайг
                                       Энэ амьдралаа би
                                       Эээжээрээ гоёно оо

За миний хайртай ээжээ сайхан амраарай. Та минь миний утга учир юм шүү. Таны зантай охиноос.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax