Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-01
Аргамжаад аргамжаад дийлээгүй ээ


     
     Ахиад л нэг намар дэлхийд, эргэх амьдралд минь  айлчлан ирвээ. Намар гэдэг улиралд би цаг хугацаанд хөтлүүлэн хүрэлцэн ирж байгаа ч юм шиг, аль эсвэл цаг хугацаа намрыг жолоодсоор над дээр ирсэн ч юм шиг. Би яаж дутхав гэсэн шиг олон өнгөтэй, янз янзын ааш аягтай бодлууд ч бас эргэлдэнэ.

Өнгөрсөн үеийн бодол:

Би бодох дуртай. Гэхдээ өнгөрсөн үеэ, болоод өнгөрсөн явдлаа, бас ирээдүйгээ мөрөөдөн бодох дуртай. Ойрын үед эмээтэйгээ өнгөрүүлсэн бага нас, энхэрхэн үе минь илүү ихээр бодогдох боллоо. Аргагүй дээ хамгийн тайван амгалан,  амьдралтай танилцаж байсан ангаахай үеээ эмээгийнхээ дэргэд өнгөрүүлсэн юм чинь. Эмээ минь намайг санасан ч юм болов уу. Зүүдэнд ч бурхан шиг орж ирнэ. Эсвэл бие нь тааруу байгаа болхоор би өөрөө санааширч байж ч болох юм. Гэхдээ л эмээгээ бодох надад сайхан байна аа.

Өглөө бүр урд зүгээс ургах нарны цацраг намайг ээсэн шигээ эмээг маань ч бас ээж, цөлх нь буурсан нүдэнд нь гэгээ өгч, цөөхөн үлдсэн амьдралынх нь өдрүүдэд утга нэмээсэй гэж наранд залбирна. Учир нь хөөрхий хөгшин ээжийн минь үг нь цөөрч, урам зориг нь халихаа больчихсон юм л даа. Орноосоо босохоосоо төвөгшөөж болж л өгвөл өвдгөө тэврэн, үхэх тухай ярьж борхон өдрүүдийг харлатал гиеүрнэ. Насны аагь гэдэг тийм исгэлэн гашуун юм гэж үү. “Сайн муу бүхнийг үзэж, үр хүүхдийнхээ сайн сайхныг үзлээ. Одоо ингэж насанд дарагдаж суух хэрэг юун” л гэнэ. Тэгэхэд нь би “эмээ өөвгөр охиноо үртэй болохыг харахгүй юм уу” гэхэд нээрээ ч тийм дээ гэсээр өч төчнөөн хоногийг эрхээ эргүүлэн өнгөрөөнө.

Өнөөдрийн бодол:

Өчигдөрхөн мэт санагдах ч тэртээх гурван жилийн өмнө би өдрийнхөө тэмдэглэлд ингэж бичээд орхижээ. Өнөөдөр би намрын уйтгарт навчист гунигаа дайж хийсгэчихээд дэвтэрээ сөхөж өөрийнхөө өнгөрсөнтэй уулзсан юм. Ойрын үед эмээтэйгээ өнгөрүүлсэн бага нас, энхэрхэн үе минь илүү ихээр бодогдох боллоо. Эмээ минь энэ дэлхийд амьд байсан тэр үе дэндүү жаргалтай байж.

 Өөрийнхөө мөрөөдлөөр эмээгээ аргамжаад аргамжаад би дийлээгүй ээ. Амьдралын хууль тэр л аргамжааг минь таслаж эмээ минь алдуурсан унага шиг харван одсон. Тэгсэн ч сэтгэлийн минь хайрын аргамжааг таслаж чадаагүй. Чадах ч үгүй, хэзээ ч. Хайр дурлал гэж хамаагүй нулимсаа урсгахаасаа өмнө хагацалын өмнө зөндөө урссан нулимсандаа би эмгээг минь диваажинд урсган хүргээрэй гэж уйлж байсан. Одоо ч хаяа мэгшдэг л юм.

Ахиад л нэг намар дэлхийд, эргэх амьдралд минь  айлчлан ирвээ. Намар гэдэг улиралд би цаг хугацаанд хөтлүүлэн хүрэлцэн ирж байгаа ч юм шиг, аль эсвэл цаг хугацаа намрыг жолоодсоор над дээр ирсэн ч юм шиг. Би яаж дутхав гэсэн шиг олон өнгөтэй, янз янзын ааш аягтай бодлууд ч бас эргэлдэнэ.

Өнгөрч одсон харуусал бүхнээсээ өнгө гэрэлтэй дурсамжуудаа шүүж аван зүрхэндээ уудлаад түүгээрээ тэжээндэн тэртээд намайг хүлээн догдлох гэрэлт ирээдүйрүүгээ тэмүүлэе дээ. Үггүй гунигаар минь бодлын цагаахан навч хийсгэдэг намар чамдаа баярлалаа.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax