Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-06
Зүрх сэтгэлдээ үүрд амьдруулна

     Гадаа сэрүүхэн байх шиг байна. Саарал тэнгэр,  уйтгартай, машины хүнгэнэх дуу, муухай жихүүн мөртөө бүгчим агаар гээд. Яг одоо бачимдаад байгаа миний сэтгэл дотор шиг өдөр байна даа. Уг нь өдөр бүхэн л ийм байдаг л даа. Тэгэхээр би өөрөө өнөөдөр ийм байгаа юм байна. Шартсаныы маргааш өдөр шиг л. Шал архичиндаа биш хаяа нөхөдтэйгээ хоёр гурван шил пиво ганбэйдээд уусны маргааш л нэг ийм болчдог юм.
     Ёстой л нөгөө чөтгөр ав гэдэг гадаадын хараал шиг өнөөдөр бол миний хувьд чөтгөр аваасай гэж хүсдэг өдөр. Сүүлийн найман жил өнөөдөртэй ес дахь жилдээ би энэ өдрийг чөтгөррүү явуулахыг хүсэж байна. Одоо яг өдрийн 15 цаг 42 минут болж байна. би орноосоо босч аяга будаа идчихээд комныхоо ард сууж байна. Ямар балайр их унтдаг юм бэ гэж бодож байна уу. Зориуд үд хүртэл сэтгэлээ амрааж унтсан юм аа. Энэ муухай өдрийг өнгөрөөж ядаж зовхоосоо төвөгшөөгөөд.
     Үргэлж тэвэрч унтдаг аавын минь халуун ууцнаас салгасан намрын энэ өдрийг би буцаахыг ямар их хүсдэг гээч. өчигдөр юм шиг санагдсаар байтал нэг мэдсэн есөн жил болчихож. Албатай юм шиг аравдугаар сарын зургаанд өөрөө өөртөө гашуудлын үг урсгасаар хариугүй арван намартай золгох нь. Санаж бэтгэрсэндээ уйлж ч чадахгүй үхэх дөхдөг, хамаг зовлонгоо жил жилийн энэ өдөр халаглал шаналалтайгаа хамт урсгахын.
     Яг есөн жилийн өмнөх энэ өдөр иргэж ирэхгүйгээр амь нь нисэхдээ миний аав ямар байсан гээч. Тас хар үсэнд нь ширхэг ч цахир татаагүй. Ширхэг ч шүд нь унаагүй, төгөлдөр хуурчийх гэмээр арван хуруу нь шув шулуунаараа намилзаад л. Эр хүний эд хийж бүтээдэг, цог золбоо нь бадарсан тавин насны дөнгөж босгон дээр нь ирж байсан даа. Ингэж бодохоор л бүр ч илүү харамсхын. үлдсэнийх нь аз үхсэнийх нь хохь гэдэг хатуу ч гэсэн үнэн үг юмаа. Би яах вэ хэзээ ч эдгэдэггүй үргэлж сэдэрдэг нэгэн том шархтай л хоцроо биз. Харин үр хүүхдийнхээ сайн сайхныг, амьдралын амтыг гүйцэд мэдэрч чадалгүй хар залуугаа шороонд булагдсан даа гэж бодохоор хөөрхий аавыгаа өрөвддөг. Өрвийтлөө ганцаараа хоцрон үс нь бууралтсан ээжийгээ харахаар бүр ч дотор урагдахын.
     Хүмүүс минь дараа нь над шиг хорвоогийн нэгэн өдрийг хараан зүхэж харамсалдаа живж суухгүйн тулд аав ээжийгээ амьдад нь сайн хайрлаж халамжилж, яавал урт наслуулж болох вэ гэж өөрийгөө үргэлж шалаарай. Хайртай гэж өдөр бүр хэлээрэй.
     Аав минь намайг дандаа хардаг гэдэгт би итгэдэг. Бурханд итгэж чаддаггүй мөртлөө үүнд итгэдэг. Намайг харж сонсож байгаа бол ААВАА БИ ТАНДАА ХАЙРТАЙ. МАШ ИХ САНАЖ БАЙНА. ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ ТАНЫГАА МӨНХӨД АМЬДРУУЛЖ ХЭЗЭЭ Ч ҮЛ МАРТАНА.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax