Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-14
Ид шидтэй зүүд
     
     Үнэн сэтгэлээсээ саруул ухаанаар нэг сайхан уйлчихая гэсэн чинь нулимас гардгүй ээ. Уурлаж бухимдсан үед, ууж мансуурсан үед дуншсан борооны бусал шиг л урсаад байдаг юм байна лээ. Бас болоогүй ээ тэр үедээ юуны төлөө урсдаг гэхээр нээх хөгийн. Харваад одсон дурлалын төлөө, харалган залхуугаасаа болж гаргасан өчүүхэн алдааныхаа төлөө, халааснаасаа байгаа хэдэн төгрөгөө алдсаны төлөө, хамт дагалддаг найз нөхөддөө хаяа нэг жийгдсэнийхээ төлөө, хамаагүй нэг хөөрхий хүнийг хараад өрөвдлийн нулимас ч унагаж л байлаа. Гэх мэтээр. За за надаар хэлүүлэлтгүй хүн бүхэн мэдэж байгаа дөө.
      Харин энэ удаа би их учир утгатай нулимас унагахыг хүсээд барсангүй ээ. Урвайж шаналсандаа биш зүрх минь удаан хугацааны дараа нээх сайхан дүүрч хайр цалгиж байгаад баярлаж хөөрсөндөө баярын нулимас унагах гэсэн юм.
      Өнгөрсөн шөнө би үнэхээр сайхан зүүд зүүдэлсэн. Аавыгаа бас ээжийгээ бас өөртэйгээ хамт байгаагаар зүүдэлсэн. Ямар гоё байсан гээч. Аавыгаа өөд болсоноос хойш би аав ээжтэйгээ хамт ийм сайхан аз жаргалтай байгаагаа зүүдэлж байгаагүй юм шүү дээ. Энэ мэдрэмжийг дахиж мэдэрнэ гэж төсөөлж ч байсангүй. Бодитоор мэдэрнэ гэдэг бол хэзээ ч бүтэхгүй үнэн. Бодит биш байсан ч гэлээ үнэхээр сайхан халуун дулаан байсан.
     Би нутагтаа гэртээ очичихсон аав ээжээрээ тойлуулаал эрхлээд л яг л нэг баастай бурхан шиг их додигор байна аа. Ээжээр үнсүүлээд л, ааваараа тэврүүлээл. Согтуу хүн сохор ухаантай гэдэг шиг л  зүүдээ бас удирдаад байна аа. Аавыгаа нүдээ аниж байгаад л би өөрөө үнсээд тэврээд байх юм. Ээжид бол үнсүүлэхээс биш өөрөө үнсэхгүй юм. Бас л нөгөө амьд байгааг тоодгүй үхсэн хойно нь харамсдаг гашуун зүүдэнд хүртэл давтагдаж байх юм. Ухаан сууж хаширдаггүй тэнэг лүд шүү би.
Гэхдээ л миний зүүд мааааш гоё байан. Ээ бурхан минь хэлэх ч юм биш. Хэдэн жил мэдрээгүй тийм их халуун дулааныг урьд шөнө л ханатлаа мэдэрлээ. Өнгөрсөнийг буцааж болох юм байна. Тэр бол зүүд. Зүүд гээч зүйл ямар агуу юм бэ. Алсаран өнгөрч одсон бүхэнд маань хүргэж дахин учирууллаа шүү дээ. Зүүд ийм сайхан үгээр хэлэхийн аргагүй бас ид шидтэй зүйл байдаг гэдгийг өмнө нь яагаад мэдрээгүйгээ бүр гайхаж хоцорлоо. Яг л намайг ивээсэн юм шиг энэ зүүд их удаан бас тодоос тод байсан. Ээж минь залуухан харин аав маань жаахан өтөлсөн харагдсан. Өтөлсөн байхыг нь хараагүй хэзээ ч харахгүй гэж шаналж байсныг минь зүүд няцаалаа. Аав минь толиотой сайхан харагдаж байсан. Ирээдүйг бас л харууллаа энэ зүүд. Ямар гээч сонин ер бусын агуу зүйл вэ энэ зүүд гэгч.
Ямар сайндаа л уйлах гээд байхав дээ.
     Ямар ч байсан надад амьдралын минь хэзээ ч мартагдашгүй нэгэн аз жаргалыг бэлэглэсэн өнгөрсөн шөнийн ид шидэт зүүд чамд баярлалаа. Зүүдэнд минь ирж охиноо эрхлүүлсэн аав ээж хоёртоо бүр их баярлалаа. Өөрийгөө том болсон гэж бодсон чинь үгүй юм аа. Шөнөжин аав ээждээ эрхэлчихээд одоо уйлах гэж ядаад өрвөгнөөд сууж байдаг өөртөө харин ийм агуу зүүд зүүдэлсэн  чи ч азтай туучий юм даа гэж хэлэе дээ.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax