Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-02-04
Тэнгэрийн заадас шиг тэр цаг үеүдэд бүрэнхий болж байсан
0_5d511_44fe65a3_XL

Бүрэнхий...
Би бүрэнхийд дуртай...
Дөнгөж шингэсэн нарны тоос цамхарч амжаагүй. Тэнгэрээр дүүрэн оддыг өлгийдөх угталтын намуухан ая эгшиглэсэн бүрэнхийд би хайртай.
     Шувууд өглөөгүүр л сэргэлэн жиргэж, хүмүүс өглөөг л магтан дуулдаг.  Харин би үдшийн бүрэнхийд автах дуртай.
Хэнд ч хэлээгүй маргад эрдэнэ шиг нандин нууцаа, хэнд ч хэлээгүй шүрэн эрдэнэ шиг час улаан мөрөөдлөө би бүрэнхийд энхрийлэн алхах дуртай.
     Хурц гэрэлтэй өглөө бүх нууцыг минь харчих юм шиг,  тас харанхуй шөнөөр бүх мөрөөдөл минь сарничих юм шиг санагддаг болхоор би бүрэнхийд бодол санаатайгаа болзох дуртай.
     Үймж самуурсан үер шиг өдөр дуусаад үйлчний сүүлийн учиг шиг бүрэнхий эхлэхийг би тэсэн ядан хүлээдэг.
     Навчаа даахгүй бөхийсөн үдшийн моддын доор намуухан голын урсгал шиг урсан суух би дуртай.
     Шөнөжин дуншиж орох гээд хаврын хэнз ногоо шиг, бүрий цагаар дөнгөж орж эхэлж байгаа шиврээ борооноор ганцаар алхах би дуртай.
      Анхны хайрын захиагаа алгандаа шингэтэл нь тас атгачихаад хөл цөөтэй газар хөөрсөн зүрхтэйгээ хамт догдлон унших гээд гүйж байсан ариухан насаа дурсан бүрэнхийд би бүхнийг мартан уусах дуртай.
     Бяцхан суурингийхаа борхон гүвээн дээр бурхан болон одсон аавыгаа нэхэн зэлэн дээр уяатай хоцорсон өнчин ботго шиг ганцаараа бороонд норсон болжмор адил нулимсандаа норон суухдаа би алдах эрхгүй ялтан шиг л хайртай бүхнийхээ төлөө залбирч тэмцэж амьдрах ёстойг ухаарсан. Тэнгэрийн заадас шиг урт тэр цаг үеүдэд бүрэнхий болж байсан.
     Хэдрэг шиг амьдралын замаар энхэл донхол алхах үед хүн бүхэн сэтгэл зүрхнээсээ биш уруулан дээрээс унадаг жижүүрийн хэдэн үгсийг  хэнгэрэг адил чихэн дээр минь чангаас чанга нүддэгээс биш хэн ч бүрэнхий шиг сэтгэлийг минь чагнадаггүй.
     Цасны гялбаархуу бүрэнхийд... ятгын утсан дээр жирэлзэх хөгжимчний хуруу шиг чулуудаа элбэн зөөлөн шаргиатах голын хүүхдийн сэвлэг мэт ширгэн дээр дурласан хүүгээ санан үүлэн бор дээр гардаг үлгэр шиг л мөрөөдөж суудаг байлаа. Гэнэн гэхээсээ илүү гэгэлгэн байж дээ тэр үеийн бүрэнхий...

     Час улаан мөрөөдлөөрөө зүрхээ будчихаад чармай нүцгэн хайртай тас тэврэлдэн амьдрал гэдэг тэнгэсийн мандал дээр аз жаргалын завиндаа хайртай бүхнээ тээгээд цааш би аялна аа. Ухаарлын цаг буюу маргаашийн эхлэл бүрэнхий минь ч урваж хэзээ л алга болохгүй оддоо аргамжин байсаар л байх болно тэр бүх үед...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax