Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Тагтан дээгүүр

бичсэн: ulaankaa, 2018-05-02, 10:00
 Тагтан дээгүүр тагтаа гүйнэ...Өглөө бүр,
Юуны ч тухай юм бүү мэд дуугарна
Тэр дууг нь би
Үг болгон тайлж чаддаггүй , 

Тэр тагтаа шөнийг хаана өнгөрөөдгийг 
нүдээ аниад унтдаг эсэхийг нь ч,
Над шиг 
Огт танихгүй нэгний тухай
Зүүдэлдэг эсэхийг ч мэдэхгүй,

Дахин нэг шөнө иртэл 
Тагтааны тухай мартаж орхидог..,
дахин нэг өглөөг авч ирэн
тагтан дээгүүр гүйхийг нь хараад
Огт танихгүй, өнөөх зүүдний эзнээ
ор тас мартаж орхидог, 

...Тагтан дээгүүр тагтаа гүйнэ.


...

Яг одоо л

бичсэн: ulaankaa, 2018-04-27, 20:44
 Миний төлөө залбираад, тэнгэр өөд харвасан амь бүрийн төлөө

Миний төлөө залбирдаг, тэнд... хол боловч дэргэд халуунаар төөнөдөг сэтгэл бүрийн төлөө...,
Харанхуй үгүй, хилэгнэл үгүй уужим, энэрэл бүрийн төлөө
Хагдардаггүй, уусдаггүй, хийсдэггүй, худал үгүй хуурмаг үгүй хүний сайхан сэтгэлийн төлөө

Яг одоо л би залбиръя
Яг одоо л би хайрлая

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сүүдэр дүү

бичсэн: ulaankaa, 2018-04-06, 16:31
 Багадаа би гэрийнхнийхээ хэн нэг нь хаашаа явна байнга л хамт явмаар санагддаг байлаа. Тэгээд болж л өгвөл дагана. Дагахаас ч өөр яахав дээ. Яагаад гэвэл намайг хэн ч дагадаггүй юм чинь. 

Нохойноос үхтэлээ айдаг, эмээгийнхээсээ өөр хүн дагуулаад очоод байх сонин гойд газар явдаггүй, дээр нь айлын бага хүүхэд учир над шиг нусан журыг өөр хэн л дагав гэж.
Аав ээжийг дагасан ч явах газар нь голдуу ажил. Аавын ажил нь сумын захиргаа учир бичээч эгчийн бичгийн машинаас өөр хүүхдэд сонирхолтой зүйл бага, харин ээжийн ажил сургууль учир нэгдүгээрт тэнд хүссэн хүсээгүй байнга очино, хоёрдугаарт багш на...

бичсэн: ulaankaa, 2018-04-03, 17:22
Зун нь хотыг чимж байсан ногоон навчсууд
Зун явангуут хатан
Модноосоо дүүжлэгдэн тэсч ядах тэднийг
Намрын жихүүн салхи дэрчигнүүлэн
Наргүй, жихүүн бороогоороо арчин хаяв аа 

Гэвч тэр зунаас урган
Намрыг туучин
Өвлийг сийчсээр хаварт ирэв
Одоо нэг л алхахад зун болно
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Манад хучигдсан саарал хот

бичсэн: ulaankaa, 2018-04-03, 14:09

Мананд хучигдсан саарал хот
Маргаашийг хүлээсэн улаан догдлол...,

Хэн нэгний тухай 
Хачин өнгөлөг зүйлийг
Хэрээд надад 
Хэл дуулгаж ирсэн..,

Саарал хотын доорх 
Саарал гунигт хүмүүсийн хажуугаар би
Улаан хүлээлтээ үүрэн
Учиргүй инээн маргаашруугаа алхана


Уйлж буй нэг өдөр, Урсаж буй нэг өдөр

бичсэн: ulaankaa, 2018-03-30, 19:29
      ....Нүд уйлдаггүй, харин сэтгэл уйлдаг, нулимас урсдаггүй харин сэтгэл урсдаг. Зүрх өвддөггүй харин сэтгэл өвддөг. Зүрх нэг л удаа зогсдог, зүрх зогсох хүртэл сэтгэл мянгантаа үхдэг. Тэр үхэх хүртэлээ нулимас болон зуунтаа урсаж байдаг. Өнөөдөр сэтгэл үхэж буй бас нэг өдөр, сэтгэл нулимас болон урсаж буй нэг өдөр, уйлж буй нэг өдөр. 
 
...

Над шиг...

бичсэн: ulaankaa, 2018-03-15, 16:42
Пальтоноосоо тамихины үнсээ гөвчихөөд
Бодлоо нүцгэн мододруу үлээчихээд цааш нэг алхтал
Хөлөн дор хатсан навч үйрмэглэхэд
Хөөрхий над шиг л уйлах шиг санагдав...

Өө энэ чинь нээрээ намар биш хавар
Өвөлийн гурван сар тэр
Цасан дор тарчилжээ


Чи салхи болон нүүлгэнэ

бичсэн: ulaankaa, 2018-02-26, 19:17
 Чи салхи болоод 
Яг л үүл шиг намайг түлхэнэ
 
Уйтгар, гуниг, цөхрөл гомдолоо би цуглуулсаар
Урсах борооны хар үүл болон сэтгэлээ бүрхээнэ

Нэг л өдөр би ширүүн бороо болон асгарна
Нүүж явахдаа цуглуулсан нулимас бүрээ
Чиний өмнө бороо болон урсгана

Тэр үед чи нүүлгэх үүлгүй исгэрсээр байна
Тэгээд хэн нэгэн цас болж гарч ирээд 
Аанай л чамд үлээлгэн
Аглаг талын жалганд хунгар болон хурна

Тэр хунгараас зун болохоор
Цэцэг дэлгэрнэ
Тэр цэцэгсийг би бороо болон
Өдөр бүр усална 
...

Борооны өнгөтэй

бичсэн: ulaankaa, 2018-02-26, 19:10
 Хүн байхаа болиод бороо бол гэвэл...

Хүн байхаа болиод нар бол гэвэл...
Хүн байхаа болиод шувуу бол гэвэл ...

Би борооны өнгөтэй шувуу болон
Гандсан үед чинь чамайг услан
Үргэлж дэргэд чинь нисэхийг хүснэм..,

Би нарны өнгөтэй шувуу болон
Даарсан үед чинь чамайг дулаацуулан
Үргэлж дэргэд чинь жиргэхийг хүснэм

Яагаад гэвэл чи наранд дуртай
Харин би шувуудын жиргээнд дуртай
Бид хоёр хоёулаа бороонд дуртай
Бас тэгээд зуны улиралд дуртай..,

...

Мянгантаа би дахин төрдөг

бичсэн: ulaankaa, 2018-01-30, 12:18

Ай ижий минь
Алсад суугаа ижий минь
Харьж очих сургаар минь
Хамжаар сэлт бэлдэн тэрлэг эсгүүллээ гэнэ

 

Ай ижий минь
Намхан буурал ижий минь
Нар алс өвлийн замд жиндэх вий гэж
Замын унаанд дулаан гутал дайлаа гэнэ

 

Өвдөөгүй, сайн сууна аа гэхэд
Өөдөөс минь Баярлалаа гэх...
Ижий гэх цав цагаан өнгөнөөс
Би нэгэнтээ унасан авч
Ижийгээс мөнх урсах
Сэтгэлд, хайранд, залбиралд
Жарантаа задарч, зуунтаа тарвалзавч
Мянгантаа би
Дахин төрдөг өө

 

Ижийнхээ хайранд би
Дахин дахин төрдөг өө

Ай 
Намхан буурал 
Ижий мин 

 

 

...