Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-08-18
Лонхоо дүүргэсээр ирж байгаа
12   
  Намар ирж байгаа.
Навчисаа хийсгэж, салхиа хуйлруулсаар ирж байгаа. Эзэнгүй хоосон сэтгэлд минь эрээвэр хураавар харуусал хундгалахаар бороо юүлсэн лонхоо дүүргэсээр ирж байгаа.

     Хайрлуулж догдолж, хайрлаж ичингүйрч туузандаа үгээ шивнэн хийсгэсэн эмзэг ариун насыг минь эргэж сануулахаар намар ирж буй.

     Цаг хугацааны хүрдээр хөхөө шувуу шиг хүний үүрэнд зүрх сэтгэлээ тэр чигт нь орхиж гараад эргэж харалгүй буцдаг болсон эрмэг үүссэн энэ насыг минь жиндүүлэхээр намар наашилсаар. 

     Тэр нэг залуугүй бол нулимсандаа дарлуулж үгүйрэх мэт эмзэглэдэг дулаахан лянхуан дэлбээ шиг он жилүүдийг минь буцааж өгч зүрхлэхгүйдээ уурсан зундаа дэлгэрсэн моддын навчсыг үсчүүлэн намайг зэмлэхээр намар бэлдэж байгаа. 

     Ганцаардлаасаа айхаа больж ханьсдаг болсон эмэгтэйлгээс эрмэгшиж, амаа ч хөдөлгөхгүйгээр бүхнийг зөвхөн өөрийн нүдээр, чихээр, бодлоор тамгалаж, эцсийн зогсоолд хэний ч буян бас нүгэлгүйгээр өөрөө л хүрч очдог энэ амьдралыг минь үзэн ядсандаа үндэс суурь углуургаар нь царцаан хөлдөөхөөр намар жавраа халаасалсаар ирж буй.

     Надад зүрх сэтгэл, хүний инээмсэглэл, дулаахан гар, халуун үгс, хараас ялгаж цагааныг гаргасан амьдралын өнгө нэмэхээр намар ирж байгаа. 

     Хувь заяа надаас булаасан нандигнал бүрийг минь, түүндээ шаналж намар бүрээр дотоогшоогоо урсгаж хэнд ч хэлэлгүйгээр, хэнтэй ч хуваалцахгүйгээр өөрөө залгилаж дуусгадаг нуламсыг, тэр шорвог амтанд улам бүр хатаж хорчийсон сэтгэл зүрхийг сэдрээхээр намар дөхөж байгаа. 

     Намар ирж байгаа. Надтай ярихаар, навчисаараа үсээр минь наадхаар, хүйтэн бороогоороо угаахаар, хүний хорвоод яах гэж ирсэнийг минь сануулахаар намар ирж байгаа.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax