Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-05-29
Хүн ТА БАЯЛАГ


Хүн баялгийг бүтээдэг үү?  Баялаг хүнийг бүтээдэг үү?

 

Хорьдугаар зууны дунд үе хүртэл энэ ойлголт баялаг хүнийг бүтээдэг гэдэг ухагдахуун дээр тулгуурлаж байсан. Харин түүнээс хойш цаг хугацаа, хөгжил дэвшил даяаршлын нөлөөгөөр хүн баялгийг бүтээдэг гэдэгтэй хаа сайгүй санал нэгдэж буй юм. Санал нийлэхээс ч өөр аргагүй. Учир нь баялгийг бүтээгч хөгжсөн хүний оюун тархи юниверсал болж хувирч байна.

 Нэгэн европ танилаараа жишээ авъя. Тэр айлын ганц хүүхэд бөгөөд  маш сайн хөгжсөн эрдэм мэдлэг ухааны “уурхай”. Аль хэдийн баялаг бүтээж яваа, баялгаа үнэлүүлж чадсан “өндөр үнэтэй” нэгэн. Харин түүний өөрийгөө хэрхэн ийм сайн боловсорсон хүн болсон тухайгаа тайлбарласан нь их сонирхолтой санагдсан юм. Тэрээр  “Хүн нэг л хүүхэдтэй байгаад түүндээ бүхнийг зориулах хэрэгтэй. Энэ “бүхний”г гэсэн зүйлд эд баялаг хувцас хунар ороогүй. Харин маш сайн боловсрол эзэмшүүлж төгс, зөв хүн болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Хамгийн төгс аав ээж хүүхдээ сурч мэдэх боловсролд нь хөрөнгөө харамгүй үрдэг. Би айлын ганц хүүхэд учраас аав ээж маань надад ийм боломжийг бүрэн олгосон. Хэрвээ би олуулаа байсан бол тэд надад арван настайд минь Америк багш гэрээр хөлсөлж англи хэл заалгахгүй, Америк, Оросод их дээд сургуульд сургаж чадахгүй байх байсан. Яагаад гэвэл манайх баян биш энгийн л айл байсан” хэмээн ярьсан юм.

Үүнээс би улс орон бүрийн, хүн бүрийн хүн баялгийг бий болгох, хэмжих хэмжүүр нь өөр өөр ба тухайн үнэлэмж бүртээ өөрийн гэсэн утга учир үнэ цэнэтэй байдаг юм байна гэж бодсон. Зөвхөн нэг л ижил зүйл нь дэлхийн хаана ч явсан тухайн хувь хүн нь хүн баялаг байж үнэлэгдэх явдал юм. 

Тийм ээ түүний аав ээж нь хүн баялгийг бүтээж чадаж. Үүнээс би хүн удам судар цусаа үлдээхээс гадна нийгмийн тавцан дээр цойлж чадах тийм эрдэнэс шиг баялгийг бүтээх ёстой юм байна гэдгийг хэлэх гээд байгаа юм. Эрдэнэс хэзээ ч өнгө үнэ хоёроо алддаггүй шүү дээ. Яг л Стивэн Джобсын хэлсэн “ Apple брэнд үйлдвэрлэдэг бол Dell зөвхөн Комьпютер  үйлдвэрлэдэг” гэдэг шиг л.

 Улс орны хөгжлийг тодорхойлогч нь эдийн засаг хийгээд бизнесийн өсөлт хөгжил байдаг. Жишээлбэл Америк брэндийг бүтээж чаддаг. Брэндийг бүтээгч нь хөгжсөн хүн. Тэр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс тэмцэж тэр өрсөлдөөнт нийгэмд уусан боловсорч чадсан учраас баялгийг бүтээж тэр баялгаар нь Америкийн нэгдсэн улс өнөөдөр эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч. Харин түүний араас Хятад улс маш хурдтайгаар нэхэж байгаа. Хоёр магадгүй нэг жилийн дараа Хятад тэргүүлэхийг хэн ч үгүйсгэхгүй. Хятад улс брэнд үйлдвэрлэж чаддаггүй мөртлөө хөгжсөөр байдаг. Яагаад гэвэл тэд брэндийг төгс утгаар нь хуулбарлаж зах зээл дээр гаргаж ирж чаддаг тийм боловсон хүчин, хөгжсөн хүнээр баялаг байгаад учир нь байгаа юм. Миний төгссөн Хятадын технологийн томоохон их сургуулийн гадаад оюутнуудад хичээл заадаг багш нар бүгд Америкийн нэгдсэн улсын нэр хүнд бүхий их сургуульд доктороос дээш зэрэг хамгаалсан. Тэд үүний тусламжтайгаар Хятад улсын их сургуульд багшилж ялангуяа мастераас дээш зэрэгт суралцаж буй гадаад оюутанд хичээл заах эрхтэй болдог. Энэ бол тэр түм буман хүний дундаас ялгарч нийгэмд өөрийгөө үнэлүүлэх гэсэн хүний хөгжлийн нэг илэрхийлэл.

Амьдрад хөлөө олж нийгэмшин даяаршиж амьдрахад хэрэгцээтэй шинжлэх ухааны хийгээд практикийн наад захын мэдлэгүүдийг эзэмшин, хилийн наана цаана хаана ч төвөггүйхэн хэрэглэн хүн хэмээх үнэт зүйл болон өндрөөр үнэлэгдэж амьдрахын түлхүүр нь хүн таны гарт. Баялаг хүнийг бүтээдэг үү гэдэг асуулт одоо ямар ч хэрэггүй. Яагаад гэвэл баялаг хүнийг бүтээхгүй. Харин ч сөнөөдөг. Алтан улс гэгддэг Арабын улсууд иргэд нь төрөөрөө тэжээлгэж хувь хүний гэсэн үнэ цэнэ үгүйгээр амьдарч байна. Газрын тос баялаг ихтэй Африкийн улсууд өлсөх төлжих, хөгжих өсөх нь бие биеэ идсээр угжны хүүхэд шиг амьдарч байна.

 

Хүн баялгийг бүтээдэг үү гэдэг асуулт бол  харин өөр. Үүх түүхгүй өөрийн гэсэн үндэстэнгүй Америк өөрөө Брэнд, Ямар ч баялаггүй өлсөж, зовж үзсэн  Япон, Хятад, Солонгос өнөөдөр Азийн барууд. Хөгшин европын улсуудыг ардаа орхин гэрлийн хурдаар хөгжиж буй Хонконг, Сингапур гээд л баялаг бүтээгчдийг тоочоод байвал нэлээдгүй цаас хугацаа шаардана. Тэд өөрсдөө баялгийг бүтээсэн. Энэ ч утгаараа дэлхийн хөгжил Ази руу чиглэж байна. Хурдтай бас сонирхолтой. Бид Азийн цээжин дээр оршиж буй “Өндөр” улс. Тиймээс бид ч бас юугаараа дутна гэж. Бид өөрөө баялагтай хүмүүс. Энэ дээрээ дөрөөлөн өөрсдөө боловсрон өсөж хөгжин хүн баялгийн үр шимээр хөгжлийг бүтээх эрин зууны хаалга бидний өмнө нээгдсэн. Галт тэрэг хөдөлсөн. Харин бид гүйцэн түрүүлж хүн бүр хувьдаа баялаг болж газраар урссан шат мэт галт тэрэгний замыг тэнгэр өөд дүүлэх цахилгаан шат болгон хөгжил цэцэглэлтийг бүтээе. Яагаад болохгүй гэж. 

А.Баясгалан


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax