Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-05-30
Жалга довны үзэл "СӨНӨТҮГЭЙ"

     Намайг гудамжаар явж байхад урд минь дунд сургуулийн ахлах ангийн сурагчид бололтой хоёр хүү ийн ярилцав. Насаар арай ах бололтой өндөр хүү их л маадгар шинжтэй өөрөөс намхан хүүгийн шилэн хүзүүн дээр нь гараа тавин алхах агаад “Эх орон гэж юу вэ?” гэж намхан хүүгээс асуулаа. Өнөөх хүү хариуд нь их л цовоо цоргиун дуугаар – “Эх орон гэж Богд уул” хэмээн шууд хариулав. Нөгөө маадгар хүү  бүр чанга дуугаар дахин – “Эх орон гэж юу вэ” хэмээн асуухад “Эх орон гэж эх орныг хэлнэ” гэж жижигхэн хүү хариулахдаа энэ удаа инээсэнгүй бөгөөд хүзүү нь нугдайсныг харахад маш чухал асуулт асуусан өндөр хүү хүсэж байсан хариултаа авсангүй тул гараараа хүзүүг нь базсан бололтой. Тэрээр “Эх орон гэж юу вэ” хэмээн гурав дахь удаагаа асуухдаа  хариулт хүлээсэнгүй. Харин өөрийн асуултаа давтан илүү өндөр дугаар “Эх орон гэж юу вэ гэвэл... Эх орон гэж чиний ээж за юу” гэж омогшингуй агаад үнэн сэтгэлээсээ хэллээ. Жижигхэн хүү илүү зүйл бодсонгүй бололтой анхных шигээ цовоо уянгалаг өнгөөр “эх орон гэж миний ээж” гэж дагаж хэлэв. Хэдий би тэр хоёр хүүтэй зорьж, нүүр нүүрээ харж уулзаагүй харин зүгээр л гудамжинд ойр явахдаа тэдний яриаг сонссон ч энэ хоёр хүүгийн энэхүү яриа надад ямар сайхан мэдрэмж төрүүлснийг зүйрлэх аргагүй. Тэр хүүд “эх орон гэж чиний ээж” гэж багш нь ч юм уу хэн нэгэн хэлсэн байсан ч хамаагүй. Магадгүй хошин шог киноноос сурсан ч байж болох. Ямар ч л байсан их үнэ цэнэтэй сонсогдсон юм. Тэр хүү эх орон гэж миний ээж хэмээн тогтоогоод авч. Энэ л чухал.

     Мэдлэг боловсрол, албан тушаал, эрх мэдэл бүхий мундаг “том” хүмүүс, залуучууд эх орноо хөгжилгүй, ядуу буурай гэж муулж суугаад гадны хөгжлөөр нэгэндээ бахдаж, магтан суухыг л сонсдог болохоос биш энгийн нэгэн жаахан хүү эх орны тухай ингэж агуу томоор бас чин сэтгэлээсээ яриад явж байх юм гэж төсөөлж ч байсангүй. 

     Тиймээ. Үнэхээр л эх орон гэж миний таны чиний бид бүгдийн ээж юм. Надаас хэн нэгэн хэзээ ч ингэж асууж байгаагүй. Би ч өөртөө ийм асуулт тавьж байгаагүй. Хэрвээ асуулаа гэхэд би өөрөө юу гэж хариулах байснаа бодов. Их нухацтай бодож нэг хариулт өгөх ч ямар ч байсан тэр хүү шиг   эх орон гэж миний ээж гээд хэлж чадахгүй байх байсан биз.

      Хамгийн агуу зүйл хажууд, бас дэндүү ойр, маш энгийнээр оршдог гэдэг үнэн ажээ. Бид нэг л эх оронтой бас нэг л ээжтэй. Эх орон ээж хоёрыг юутай ч зүйрлэшгүй. Ээжийн сайн хүү нь байж сэтгэлийг нь амар байлгаж чадвал ээжийгээ жаргаахтай тэнцдэг шиг эх орныхоо хариуцлагатай сайн иргэн нь байж чадвал бид эх орноо хайрлаж байна аа гэсэн үг юм. Маш энгийн боловч их том утга агуулга. Түүнээс биш улсынхаа засаг захиргааны нэршлийн дагуу эх орноо 21 аймаг 326 сум 1568 багт хуваачхаад 2 сая гаруйгаар хэмжигдэх цөөхүүлээ атлаа нутаг усаараа хуваагдаад хоорондоо бүлгэрхээд байх нь  эх нутгаа гэсэн сэтгэл биш юм. Нэг эхээс төрсөн ах дүүс ээжийгээ хуваагаад нэг нэгнээсээ харамлаад хоорондоо “уралцаад” байдаггүй шүү дээ. Учир нь ээж гэдэг агуу хүн чинь хүүхэд нэг бүртээ хайр халамжаа их бага гэж хуваахгүйгээр адилхан түгээн хайрладаг хязгааргүй сэтгэлтэй.

     “Эх орон гэж миний ээж” гэхийн учир нь  эх орон минь эх хүний адил бидэнд энэ нутаг газар шороог дэлгээд өгчихсөн юм. Тиймээс ч эх орон, эх хүн гэдэг үгсийн ЭХ  нь язгуур дуудлага нэгтэй байдаг. Аймаг сум, баг, хот айл, буудал бууриа өмчлөөд булаацалд, хоорондоо талцаад тэмцэлд, нутаг нугаараа хуваагдаад нэгэндээ баярх, чадалгүй нэгнээ бөөрөлх гэж өвөг дээдэс минь халуун амиа газар шорооныхоо төлөө өргөж,  тусгаар улсыг бидэнд өвлүүлж үлдээгээгүй байлтай.  Эх орныхоо энгээр газар шороон дээрээ тааваараа гүйж эрхэлсэн элэг нэгтнээ энэ миний сумын нутаг гэсэн үзлээр дээрэлхэж хөөдөг хувиа хичээсэн муухай зан өнөөгийн нийгэмд уламжлал болон оршин тогтнох нь ардчилсан гэх тодотголд хэр тохирох бол? Эх орны хил хязгаар ийм өчүүхэн жалга довны хэмжээтэй адилаар оршдоггүй юм шүү дээ.

      Баяр наадам боллоо гээд нэг нэгнийгээ мал хүйтэй нь хувааж талцуулан, ялсан нэгнийх нь нутаг усныхан нь баярлаж хөөрч, ялагдсан нэг нь нутаг хуйгаараа шаралхдаг нь тийм сайхан ард түмэн, ёс заншил шиг санагддаггүй. Яах юм бэ тэгж талцаж хуваалцаад. Энгийн сайхнаар эв найртай амьдраад, ээж болсон эх орондоо хайрлуулаад,  хүчтэй амьдарцгаая л даа. Өүлэн эх таван хүүгээ нэжгээд таван сум шиг тарвал амархан ялагдана, тавуулаа нийлж нэгэн сум шиг эвтэй байваас юунд ч үл дийлдэм хүчтэй болно гэж захисан сургаалийг дунд сургуулийнхаа номын хуудаснаас уншиж төлөвшсөн. Утга агуулга нь биелүүлж дагахад тийм ч хэцүү биш дэг ээ.

     Төрийн албанд нэг нутаг усаараа цугларч бөөгнөрөөд хавьтсан нэгнээ хазаж архирч хөөдөг сүрэг нохой шиг болчихсон дүр зураг захаас аваад бий. Холилдож бөөгнөрснийхөө үрээр сайн ажиллаад байна уу гэхээр бас үгүй ээ. Хатиг шиг дотроосоо буглаад эцэст нь төрийн албыг илүү данхайлгасныхаа хариуд хавиралдан тэмцэлдээ, нэг нэгнийгээ матаж мууллаа гэх нь ч сонсогдох. Ураг төрлийн хол нь дээр гэдэг хэлц үг ч оргүй хоосон агуулгатай биш гэдэг нь үүнээс харагддаг.

     Аавын хүү ээжийн охиныг хангай говиор нь ялгаад яах юм бэ. Хэн чадаж байна тэр хүн л чаддаг ажлаа хийгээд хүрч болох өндөрлөгтөө хүрээд яваг л дээ. Магадгүй дэлхийн дайтай явбал Монголын маань нэр л гарна шүү дээ. Олимпын аваргуудаараа бид бүгдээрээ л бахархаж байна. Н.Түвшинбаяр аваргаа Булганых, Э.Бадар-Ууган аваргаа Улаанбатарых гээд бусад аймгийнхан нь тоохгүй бахархахгүй дүмбийгээд суугаад байгаагүй бүгд л баярлаж улс даяараа хөөрцгөөсөн шүү дээ. Түүн шигээ л үндэс угсаагаараа эв найртай байцгааж болдоггүй юм уу. Үүнтэй адилхан улсын маань нийслэл Улаанбаатарын уугуул иргэд энэ миний хот, орон нутгийн иргэд явцгаа гээд хөөдөггүй. Бөөр бөөрөндөө наалдаад л амьдарцгааж байна.

     Ямарваа нэгэн зүйл хэмжээ хязгаар нь хэтрээд ирэхээрээ байх ёстой доз хэмжээнээсээ халиад өөрөөр хэлбэл тэнцвэр нь алдагдсанаар гажуудалд ордог. Энэ үзэгдэл нутгархаг үзэлд ч бас уусаад шингэчихсэн. Аймаг сум багийн ойн баяр, уулын тахилга, ургийн баяр зэрэг баяр наадам нь бэл бэнчингээ бахдан гайхуулдаг нэгэн талбар болсон нь мөн л нэг гажуудал. “Саваг сүүлээ даахгүй сарлаг” гэдэг шиг л. Адилхан аавын хүүхдүүд хэн нь ч хэндээ муугаа үзүүлэхийг хүсэхгүй нь мэдээж хэрэг л дээ. Тэглээ гээд амьдралдаа стрес нэмж хуруу хумсаа хуйхлан байж нэг “том” машин түрээслэн юмтай хүн болж хүний юмаар хүүдэгнэх хэрэг байдаг ч юм уу үгүй ч юм уу. Түүний оронд өөр зүйлд толгойгоо ажиллуулаад амьдралаа шатаар ахиулбал өөрт ч үр хойчид ч хэрэгтэй. Жаргал нь зовлон  гэдэг шиг баяр наадам, баярхах цэнгэл нь бөөн явдал чирэгдэл болдог гэдгийг хэн хүнгүй мэдэж л байгаа. Хүний нүд баясгах гэж биш зүрх сэтгэлээ баясгах гэж баярлаж яагаад болдоггүй юм бэ. Тэмээ туйлаад тэнгэрт хүрдэггүй шиг туйлширч хуйлран, даган дуурайж, бүлгэрхснээр бид юунд хүрэх юм бэ? 

     Яах юм бэ ингэж “хийсвэр” амьдарч. Өөрөө өөрийнхөөрөө, байгаа байгаагаараа, хүн хүнээрээ л амьдарцгаая. Хот хөдөөгөөрөө, нутаг ус, яс үндсээрээ ялгараад нэг нэгнийгээ үндэс угсаа, хэл ус, шашин шүтлэгээр нь ялгаад шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хавиралдаад юунд  хүрэх юм бэ. Гэхдээ байгаагаараа байгаа нь энэ гээд  хүссэнээрээ “тэнэгт” гэсэн үг биш юм. Зүгээр л “Жалга довны үзэл сөнөтүгэй” гээд л энгийн бяцхан хүү шиг “эх орон гэж миний ээж” гэж бодоход харамлах, булаацалдах сэтгэл төрөхгүй л байгаа биз дээ. Нийтээрээ нийгэмшээд эх орныхоо элгэн дээр чадлынхаа хэрээр хүн шиг оршин тогтноход юу нь болохгүй гэж. 

 

А.Баясгалан


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax