Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-10
Хар үст, Улаан үст
   
        
Хар үстэй бүсгүй намрын цэцэрлэгт ганцаараа нааш цааш алхална. Газрын энгээр шаргал туяа татаад салхи хаяа хоржоонтойхон шуугих нь намар гэдэг нэгэн орчил аль хэдийн дэлхийд айлчлан ирсэнийг илтгэнэ. Ямар ч өнгө будаггүй хар үстэй бүсгүй намрын өнгө хоёр яг ижил ээ.
     Хавтгай ултай, Шилбээ барисан түрийтэй савхин хар хөх өнгийн гутал, ижилхэн өнгийн том нэхээстэй сийрэгхэн урт ноосон цамц бариу хар өмд өмсөн шар навчтай хар өнгийн ороолт ороон мөн ижил өнгийн том цүнх үүрчээ. Өөр элдэв гоёл энэ хар үстэй бүсгүйд байсангүй. Ганган биш мөртлөө нэг л чамин харагдах.
Байр байдлаас нь харвал ямар ч байсан офисын ажилтан, багш юм уу аль эсвэл нягтлан бодогч лав биш. Цэцэрлэг дундуур том цүнхээ тэврэн нааш цааш алхлан ийш тийшээ харах нь хэн нэгнийг хүлээж байгаа бололтой. 
     Удлаа удлаа. Хар үст бүсгүй ороолтоороо эрүүгээ дарж боон ханцуйгаа урагш сунган дороо холхихоо болин цэцэрлэгийн сандал дээр хөлөө зөрүүлэн бодолд дарагдан гучаад минут суусны дараа жаахан зайд орших хашааны булан тойрон нэгэн улаан үст бүсгүй яаруухан гарч ирлээ. Өндөр өсгийт дээрээ чадмаг нь аргагүй гунхсаар хар үст бүсгүй дээр хүрч ирлээ. Өндөр өсгийтэй хар ботинк богино хар цув өмсөж, улаан хүзүүний ороолт зүүжээ. Харин тэр гартаа огт цүнх бариагүй байв. Тэр ч бас багш биш ээ. Урлагийн охин тэнгэр өөрөө түүнийг зав гарган бүтээсэн гэмээр төгс харагдах аж. Хэн ч харсан ямар адтай залуу түүнийг үнсээ болоо гэж бодмоор. харин түүнийг хар үстийг яагаад ингэж удаан хүлээлгэсэнийг хэн  ч хэзээ ч таахгүй. 
    Аль аль нь догдлон удаан хүлээсэн уулзалт байтлаа даруухан тэврэлтээс өөр хэтэрсэнгүй. 
     Хар улаан үст хоёр бүсгүйн даруухан тэврэлттэй уулзалтын цаад учирт нууц их бий. Хоёулаа тэр нууцаа дор дороо мэдэх авч өөр өөрийнхөө бодлыг зэрэгцүүлэн тавьж ярилцаж үзсэнгүй явсаар өдгөө арван долоо дахь намартайгаа учирч байна. 
     Улаан үст яг л арван долоон намрын өмнөх шигээ байсангүй. Хар үст түүний байдлаас арван долоон намрын тэртээх өөрийгөө олж харах шиг болов. Улаан үст цоргиу харц хөнгөхөн мөртлөө тачигнасан инээдээр хар үстийг цалгиана. 
Тэртээд алслан үлдсэн тэр нэгэн өдөр өөрөө яг л ингэж улаан үстээс салж билээ. Тэр өөрчлөгджээ. Үс нь ...үг нь хүртэл улаан болчихож. 
     Хар үст ингэж бодоод сэтгэл дотроо уйлж байлаа. Гэтэл тэр энэ Улаан үстийн төлөө л өөрийгөө ингэж өөрчилсөн шүү дээ. Боломжгүй мэт санагдах хачин сэтгэлийн учигийг түүндээ тайлж өгөхийн тулд ингэж их хүлээн бас ийм ихээр өөрчлөгдсөн. Хар үст улаан үстээс өөрт нь тасарч ирэх өчүүхэн ч хайрын хялмаа олж харсангүй. 
     Тэр үнэхээр их өөрчлөгджээ. Өөр шиг нь тачигнаж өөртэй нь ихэр мэт байсан энэ охин одоо их өөр болж. Намба сууж эр хүнээр хайрлуулах тийм л сайхан бүсгүй болж. Нэг л өөр үнэр түүнээс үнэртэж байна. Үснийх нь үнэр хүртэл өөр болчихож. Магадгүй би яг л энэ цаг үед хэлэх гэж удаан хадгалсан тэр нууцаа өөрөө залгисан нь дээр байх. Улаан үст ингэж бодоод өөдөөс нь донжтой мишээх хар үстийн өмнө хамаг горьдлогоо хугачиж суулаа. 
     Өнөөх л өмнөх шигээ өөр өөрийнхөө тархинд ижил бодлоо нүдэн өчүүхэн яриа өрнүүлсэнээс өөр сонин зүйл тэдний хооронд болсонгүй. Хэт их хичээсэндээ, хэтэрхий хүндээр бодсондоо хар үст арван долоон намар өөрийгөө дэндүү өөрчилжээ. Ингэж гэмээнэ Улаан үст өөрийг нь өөрөөр харах байх гэж хэлтгий бодож. Өмнө нь ганц удаа хүсэл сонирхлоо улаан үстэд халдааж зүрхэлсэн бол... Өөрийгөө ерөөсөө анзаарсангүй. Аргагүй дээ сэтгэд нь хэвээрээ байгаа юм чинь. Дусал ч дуу ороогүй шүү дээ түүний хайранд. 
     Харин Улаан үст хар үстийн үнэр нь өнгө төрх нь өөрчлөгдсөнийг хараад балмагдсандаа түүний сэтгэлийг анзаарах тэнгэлгүй болжээ. Зүрх нь өнөөх ижил өөртэй нь адилхан хүсэл сонирхлоор булиглаж байгаа гэж төсөөлсөн ч үгүй. Боломжүй гэсэн ижилхэн бодол л хоёр бүсгүйн тархинд анх харвасан шигээ бүр шигдчихжээ. 
     Анх яаж биенээ олж харснаа хэн хэн нь хэзээ ч санадаггүй мөртлөө арван долоон намар яагаад бие биенийгээ ерөөсөө мартаагүйгээ, Өнөөдөр яаж яваад бие биетэйгээ уулзах гэж цаг тохирсоноо тэд бодож ч үзсэнгүй. Өнөөх л боломжгүй гэсэн ижилхэн бодлоороо бие биенээ хайрласан сэтгэлээ шавхуурдсаар салж явахад тэдний улаан бас хар үс нь нэг зүгт гунигтай хийсэж байлаа.






Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax