Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-10-19
Чиний хаалганы өмнө...
   


 Сайн уу зүрх сэтгэл минь. Элдэв шалдав, шалдар булдар зүйл хийж явсаар чамтайгаа ярилцалгүй, Чамайгаа тоолгүй нилээд удчихаж. Уйлахгүй, шаналахгүй, зовохгүй үедээ чамайг ор тас мартаж орхих юм даа би.
     Санан ангаж саамширсандаа бас Сохор хайр, согтуу бодолтой үедээ чамайг би хамгийн их шаналгаж зовоодог.  Хариултгүй асуулт, асуултгүй хариултаар чамайг хогийн ургамал шиг л ороож байгаа биз би. Өнөөдөр гадаа бүрхэг байна аа. Би нь жаахан ганцаардаад. Тэгээд л чамайгаа санаад. Чамтай ярилцахыг хүсээд. Чиний цохилтыг мэдэрч сонсож чадахгүй байж л бусдын сэтгэлийг ойлгодог хүн болж ухаантай царайлж чалчиж суудаг миний шар үгэнд бухимдал чинь бугшиж байдаг тийм үү.
     Гадаа гараад уйтгарт бүрхэг тэнгэр доор үгийг чинь сонсоод чив чимээгүй ганцаараа алхмаар байна яг одоо. Тэнгэр нуртал гунигласан урвуу нэгэн бүсгүй алхаж явна гэж тэнэг нэг нь бодно л биз. Би тоохгүй ээ зүрх сэтгэл минь. Чамтайгаа ярилцаж чанга гэгч нь дотроо инээж яваагаа би хэн нэгэнд тайлбарлах албатай ч биш ямар.
     Чиний л цохилтын өмнө бодол санаа минь яг байгаагаараа өөрийнхөөрөө шав шалднаараа нурж байдаг болохоор би хамгийн их эрх чөлөөтэй болдог юм. Тиймээ гадагш нь цацаж болдгүй хамаг л нууцаа чиний өмнө дэлгэчихээд яагаад нуух болсныг чиний л сэтгэлээс сонсохоор би илүү ухаантай болдог.
     Тиймээ зүрх сэтгэл минь чиний хаалганы өмнө би ганцаараа түлхүүр барин зогсож, чиний биш өөрийнхөө хүссэн үед түлхүүрдэн ордог болохоор би чамтай л ярилцах дуртай. За  за.....Өрөөнийхөө хаалгыг гаднаас нь хаагаад чиний хаалганы цаана юу нуугдсаныг сонирхоё доо. Бүрхэг тэнгэр доор ганцаар алххаар би гарлаа.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax