
(Олон сарын өмнө бичиж байсан өдрийн тэмдэглэлээ оллоо. Тэгээд блогтоо оруулж байна. Таны зүрх сэтгэлд тавгүй сэтгэгдэл төруулж магадгүй юм. Гэхдээ ээж аавыгаа амьдад нь зүрх сэтгэлийнхээ үнэн үгийг хэлж байгаарай. Над шиг битгий харамсаарай. Ээж аавыгаа амьд эрүүл энх байлгахын төлөө бүхий л чадлаараа зүтгээрэй хүмүүсээ. Зүүд хүртэл хүсээд хүршгүй үнэ цэнэтэй байдаг юм байна шүү.)
Ойлгохгүй байна. Яагаад заавал миний аав гэж. Яагаад заавал миний сайхан аавыг үхүүлж байгаа юм бэ. Санаж байна. Маш их санаж байна.
Сэтгэл зүрх минь үгээр хэлэхийн аргагүй өвдөж, тарчилж шархалсандаа болоод хариугүй галзуурах нь. Үнсүүлэх гэж, тэврүүлэх гэж, эрхлэх юмсан гэж маш их хүссэндээ, үнсүүлж тэврүүлж эрхэлж чадахгүй болхоороо уйлж байна.
Үгүй ядаж л сайхан инээж байгаа төрхийг нь зүүдэлмээр байна. Хичнээн жил өнгөрсөн ч гэсэн хэсэгхэн ч гэсэн, жаахан ч гэсэн эдгэхгүй нь энэ зүрх сэтгэл.
Таныг үхэх юм бол би ч бас дагаад үхнэ. Таньгүйгээр би амьдарч чадахгүй нь. Ганцхан зүйл гуйя ааваа та минь л битгий үхээрэй. Халуун ууцанд тань үүрд наалдаж унтана аа ааваа. Надаас битгий яваарай. Хэрвээ та харвачих юм бол охин нь шөнө бүр даарч хонох болно.Таныг үхвэл би уйлна. Нулимсандаа живнэ. Инээд минь тэнгэрт харвана. Шаналалдаа хатна ааваа.
Тиймээ өчнөөн удаа та минь надаас энэ л хариултыг сонсох гэж “чи намайг үхэхээр уйлах уу” гэж амьдралыхаа сүүлийн саруудад магадгүй өдөр бүр надаас ингэж асуусан. Харин би. Би гэж нэг тэнэг амьтан юу ч ойлгоогүй. Бас юу ч мэдээгүй. Танийгаа ингээд үүрд явчих юм чинээ төсөөлөө ч үгүй. Тиймдээ ч “үгүй ээ. Уйлахгүй. Ямар үхсэний араас дагаад үхэх биш” гэж асуух бүрт тань ингэж л хариулж байсан. Арван дөрвөн настай охин ийм хариулт хэлж чадсан байтлаа яагаад үхлийн тухай бодож үзэж болоогүй юм бол оо. Аав минь нээрээ үхчихвэл яана аа гэж яагаад нэг ч удаа бодож байгаагүй юм бол оо. Яагаад ингээд асуугаад байгааг нь анхаарч ойлгоогүй юм бол оо. Бүр дахин дахин асууж байхад нь шүү. Нээрээ ч аавыг үхчихвэл би уйлах болов уу гэж бодож байсан удаа байгаагүй. Би тэр хариулж байсан үгийхээ утгыг ч үнэндээ сайн мэддэгүй байсан юм шүү дээ ааваа. Уншдаг номнуудаасаа л нэг тийм үг олж уншсан байсан байх даа.
Үхэл хагацал гэгч ямар гээч хар, ямар гээч хэцүү зүйл гэдгийг бүүр ч төсөөлөөгүй. Асуух тоолондоо ийм хариулт сонсоод та минь надад ямар их гомдоо бол. Магадгүй би “таныгаа дагаад үхнэ ээ” гээд “битгий үхээрэй” гээд гуйсан бол та минь энэ хүүхэд надгүйгээр амьдарч чадахгүй юм байна гээд үхэж чадахгүй байх байсан ч юм бил үү.
Элгээ тасартал ихэр татаж өрөө өмөртөл яг одоо би уйлж бас санаж шаналж байна. Найман жил дөрвөн сарын өмнө таныгаа алдаад бэтгэрч байсан тэр л хэвээрээ шаналж байна.
Та минь тийм залуухнаараа, тийм сайхнаараа хаашаа ч юм бэ яваад өгсөн. Иргэж ирэхгүй найман жил дөрвөн сар дөрвөн өдөр гурван цаг гучин нэгэн минут болж байна. Санаад бас үгүйлээд өрөвдөөд хайрлаад байна таныгаа.
Хайртай маш их хайртай. Гэхдээ би таныгаа сэтгэл зүрхэндээ үргэлж амьдруулдаг. Та минь дандаа намайг харж бас сонсдог гэдэгт би итгэдэг. Ааваа та минь намайг соносж байна уу. Би тандаа маш их хайртай. Та минь миний зүрх сэтгэлийн бурхан. Таниасаа гуйж байна. Үдэш бүр зүүдэнд минь ирээч дээ. Намайгаа үнсээч дээ. Ухаан муутай тэнэгхэн охиноо үнэрлээч дээ. Бас уучлаач дээ. Наддаа л ирээрэй ааваа. Мөнхөд танийгаа хайрлах болно оо ааваа. Танийгаа үхэхээр би уйлна аа ааваа. Битгий үхээрэй. Би тандаа хайртай. Таний эрх отгон охин үрээс тань. Ааваа надад ирээч дээ. Зүгээр л охиноо тэврээч. Яг одоо нулимсыг минь арчаач дээ. Таныхаа төлөө, таныгаа зүрх сэтгэлдээ амьдруулж хайрлахын төлөө би мөнхөрч чадна аа ааваа.Зөвхөн ганцхан удаа ч ирээд халуухан алгаараа илбээд үнсээч дээ.
2011.02.11-нд 15 цаг 46 минутад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих
