Саармаг өдөр, Улаан бодол

Урьд шөнө наам унтаж чадсангүй ээ. Эргэж хөрвөөж элдэв долоон зүүд холин зүүдэлж энд тэнд унтаа ухаан минь тэнүүчилсээр бүүр ядарч орхиж. Хэдэн хоногийн өмнөөс л хөлийн ул загатнаж байсан. Одоо ч хэвээрэй. Хаа нэг тийшээ явах явдал учир байхгүй л юмсан. Тэгсэн мөртлөө зүгээр л хоёр хөлнийхөө улыг хооронд нь үрээд сууж чадахгүй. Нэг л зөн совин хатгаад хорхой хүргээд. Ядаж хүлээж зүгээр суух дэндүү залхуутай төвөгтэй санагддагийг ч хэлэх үү. Өнгөрсөн Одоо Ирээдүйд ингэж дээрлхүүлж оньсого шиг байх нь над шиг мөрөөдөх дуртай хүнд заримдаа хөгжилтэй байдаг юм. Хариуг нь таахгүй байх тусмаа бүүр ч гоё. Ер нь би оньсого тааж чададгүй юм өө.
Тоо нэмж зөв хариу гаргахтай адил тийм амьдрал дэндүү уйтгартай санагддаг болохоор төлөвлөх дургүй. Тоо нэмэх бүүр ч дургүй. Зөв хариу гаргаж бас л чададгүй.
Зуурмаг нүдтэй өндийж хөшиг нээлээ. Өнөөх л саармаг өдөр. Энд нар бас дахиад нарны хоорондох зай ямар хол гээч. Бороо бас нарны хоорондох зай нь бүүр ч хол. Тэр зайг тоолж сууна гэдэг яг л од тоолохтой адил.
Өнөөдөр шинэ сарын эхний өдөр. Бас өтөлж гүйцсэн өвгөн цаг хугацааны нэгэн оны сүүлийн сар. Харин миний зөн совиндоо шумбан амьдралынхаа савлуур дээр суун савлаж буй нэгэн өдөр. Баяр хөөр дуншаад ч байх шиг. За яахав савлаж суугаад харж л байя. Оньсого заавал хариутай байдаг гээ биз дээ.
Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг харь газрын нохойн хуцах нь хүртэл дутуу дулимаг төвөгтэй санагдах. Жон жон ч гэх шиг. Цонхоо нээхгүй байсан нь хамаагүй дээр. Харин сэтгэл санаагаа бол нээнэ шүү. Хорвоод мэндэлж байгаа хүн шиг жам ёсоороо тархинаас урсах гээд зүгээр суулгахгүй байгаа өөрийнхөө бодлыг үсгээр илэрхийлж утга болгон өрөх нь таатай санагддагийн.
Энэ арван хоёрдугаар сар над дээр ирсэн ч юм шиг. Эсвэл би энэ арван хоёрдугаар сар дээр ирсэн ч юм шиг. Аль нь хөдөлгөөнтэй оршоод байгаа юм бол оо. Би хөдөлдөггүй гэхээр миний царай хүүхэд насныхаасаа бүүр ч өөрчлөгдөж холдоод. хэ хэ хэ. Гэхдээ л би цаг хугацааны золиос л доо угаасаа. Үхэдгүй цорын ганц үнэн. Харин энэ ганц олдох цаг хугацаанаас таашаал авч галын дөл шиг бадамлаад өнгөрөх нь л чухал.
Нөгөө зөн совин дахиад л хатгаад эхэллээ. Яг цагийн цохилт шиг. Мартсанаас энд өглөө орой өдөр гурав нь хоорондоо ямар адилхан гээч. Яг л одод шиг.
Бичсэн: ulaankaa | цаг: 10:20 |
Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
