Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-02-06
"Сарны гэрэлд цасан дээр тусах сүүдрээ харж биелэж сурсан"

 Одоогоос хоёр жилийн өмнө сургуулиа төгссөний дараах намар нэгэн өдөр тутмын сонинд ажилд орохоор нэг сар туршилтаар явсан юм. Туршилтын мань мэт нь голдуу хэвлэлийн хуралд л гүйдэг хойно. Нэгэн хэвлэлийн хуралд очоод Дарьсүрэн хэмээх ануухан буурайтай танилцаад холбогдох утасных нь дугаарыг авлаа. Харваас л тэр эмээгээс үүх түүх үлгэр домог үнэртэх шиг болж дараахан нь ярилцлага авахаар гэрийг нь зорьж очилоо. Дарьсүрэн эмээ маань дэлхийн язгуур урлагийн өв болсон бий-биелгээг хөгжүүлж өвлүүлж үлдээх их үйлсэд бүхий л амьдралаа зориулсан биелээч буурай.

    Хүйтний ам наашилж цасан шуурга савссан намрын нэг өдөр Налайх явах замд байдаг жижигхэн сууринруу Дарьсүрэн гуайг зорин дэвтрээ сугавчилан очиж байсан юм. Нас сүүдэр нь ная гарч яваа ч ануухан тэрээр үг яриа нь уран цэцэн баялаг егөө хошин үгтэй. Зүйрлэвэл нандин нууц хадгалсан ном шиг л...Би тэр сайхан ховор номны зөвхөн нэг хуудсыг нь л уншисан байх. Байнга энгэртээ тэврээд дахин дахин уншаад л цээжлээд баймаар тийм гоё санагдсан.

     Би ч ярилцлагаа буулгаад сонины дугаарт өглөө. Хамгийн харамсалтай нь тэр өдрийн дугаар удирдсан дарга эгч “зучил” гэж ямар юм байдаг юм гэж зарим хэсгийг нь хэрээслээд, зар суртчилгааны албаны дарга эгч ямар нуршуу их юм энэ зайнд чинь чухал суртчилгаа оруулна гэж сонирхолтой гоё хэсгийг нь хэрээслэж хассаар миний ярилцлага сэг шиг л юм болж хэвлэгдэж байсан юм.

     Үүх түүхээ өр зүрхнээсээ өгүүлж суусан эмээгийн төрх нүдэнд үзэгдээд, тэр хоёр даргын үзэг нь тэр сайхан буурайгийн сэтгэл дээр нь хэрээс татаад байгаа юм шиг санагдаад нойлд ороод уйлж билээ. Тэр үед захын хүнд ойлгогдох хялбар үгтэй, зар сурталчилгааны зай завсарт багтах гол утга агуулгатай тийм мундаг зүйл хэзээ бичиж сураад, хэзээ энэ хоёр шиг гүйцэд уншаагүй мөртлөө хүний сэтгэл шингэсэн бичлэгийг хүссэнээрээ хасаж баллах эрхтэй дарга болно доо гэж шантарч байснаа тод санадаг юм.

 

Харин одоо сонины нүүрэнд гүйцэд гараагүй ярилцлагаа энэ талбартаа бүтнээр нь оруулж байгаадаа баяртай байна өө. “Хүү минь сонингоо хэвлэгдэхээр эмээдээ өгөөрэй” гэж байсан ч би дахин уулзаж өгч чадаагүйдээ өөртөө бухимдадгийн. Монголдоо очоод Дарьсүрэн гуайтай уулзана аа. Энх тунх бий-биелгээгээ хийгээд сууж байгаа гэдэгт нь итгэлтэй байна. Энгийн мэт санагдах авч их сонирхолтой...

 Улсын тэргүүний уран сайханч бий-биелээч М.Дарьсүрэн:

 - Бий биелээч хэмээх урлагийн их аян замыхаа түүхийн богцыг задлаач?

 -Би Ховд аймгийн Булган сумын уугуул, торгууд ястан хүн. Нас сүүдэр 80 хүрч байна. Улаанбаатар хотод ирээд долоон жил болж байна. Манай сумын захиргаанаас 1945 онд залуучуудыг ажилд оролцуулах хөдөлгөөн өрнөсөн юм. Намайг сумын артелд ноос угаадаг ажилд орох уу, аль эсвэл улаан буланд ажилд орох уу гэхэд нь би улаан буланг сонголоо. Тухайн үеийн сумын улаан булангийн найруулагчаар ажиллаж байсан М.Пүрэвжал гэдэг хүн надад анх бий-биелгээ зааж өгснөөр эмээ нь үндэсний их язгуур урлагт хөл тавьсан юм. Тэр үеэс хойш өнөөг хүртэл хоёр дахь үеийн биелээч болж 60 гаруй жил үндэснийхээ их өв уламжлал, бий-биелэгт сэтгэл зүрхээ зориулж явна даа. Одоо үр хүүхэд хойч үедээ зааж сургаж байна. Манай нутагт миний 20-иод шавь бий.

- Бий-биелгээ хэрхэн заалгаж сурч байсан үеээ дурсвал?

- Миний анхны багш өвгөн М.Пүрэвжал(Баруун Монголын алдарт туульч)  надад торгуудын зургаан биелгээг анх заасан юм. Манай багш уул ус, ургамал амьтныг нүдэнд үзэгдтэл их сайхан биелнэ. Биднийг өвлийн цагт цасан дээр сүүдрээ хараад биел. Тэгвэл их сайн сурдаг юм гэнэ. Тэгээд л хэсэг залуус нийлээд нэгнийдээ цуглаж өөхөн дэнгийн гэрэлд бие биедээ тэгвэл ингэнэ, ингэж хөдөлбөл тэгнэ гэж хэлж зөвлөлдөж сурдаг байлаа. Би урлагт дуртай болохоор тэр бүгдийг сурах гэж ер нь их махруу зүтгэдэг байлаа.

Нэг удаа би багшийнхаа хэлснээр гэртээ хариад өвөл сартай шөнө цасан дээр өөрийнхөө сүүдрийг хараад л биелэж гарлаа даа. Гэтэл ээж маань галтай цучил барьж гарч ирээд л намайг хангинан, өнөөх галтай цучилаараа газар шавхуурдан гэр тойруулан хөөж орууллаа. Би ч гайхан “ээжээ та намайг яаж байгаа нь энэ вэ. Хүн амьтанд муухай харагдаж байгаа байлгүй. Одоо та бид хоёрыг муу хэлнэ” гэхэд ээж “Чи чинь хар шөнө гадаа гарч гараа сарвалзуулаад юу тусчихав. Чамайг газрын гай дайрчихаж. Газрын гайг галтай цучилаар хөөж зайлуулдаг домтой юм. Хүн амьтан ярьж хэлж л байг. Наад бузраас чинь салчихвал ямар хамаа байхав” гэж билээ. Нээрээ ч дараа нь манай нутгийнхан “Занданы өнөөх охин/манай ээжийг Зандан гэдэг байсан/ галзуурсан байв аа. Сартай шөнө гадаа гараад л сарваганаад байх юм. Эх нь галтай цучил бариад л хөөх юм” гэж ярьсан байсан юм.

- Та тэгээд ээждээ юу гэж тайлбарлав аа. Дараа нь биелгээгээ зааж сургав уу?

- Өө тэгэлгүй яахав. “Ээжээ та намайг битгий ингээч. Би газрын гай тусаагүй. Гараа сарвалзуулдаг чинь биелгээ байхгүй юу. Би сумын клубд Пүрэвжал багшаар заалгасан юм” гэж ээждээ тайлбарлалаа. Дараа нь ээж “алив охин чи тэр нэг юм аа бидэнд үзүүлээд орхи” гэхэд нь би ойролцоо айлаас ихэл /морин хуур/ гуйж авч ирээд дуугаргаж биелж үзүүлж байсан юм. Тэрнээс хойш миний ойр хавийнхан надаар биелгээ заалгасан юм.

- Тэгэхээр бий-биелгээ нь заавал удам залгаж өвлүүлж үлдээдэггүй байх нь ээ?

Тиймээ. Миний удамд надаас өмнө биелдэг хүн байгаагүй. Би багшаасаа сурсан учир хоёр дахь үеийн биелээч гэж нэрлэгддэг. Надаас миний ах дүү,үр хүүхдүүд маань сурсан учир уламжлаад явна. Тэд мөн хүүхдэдээ зааж цааш уламжилна. Миний охины зээ гурван настай охин биелэх гээд мөр гараа хөдөлгөөд, сурч байгаа. Тэр маань зургаан үеийн биелээч болж байгаа юм.

-Торгуудын хэдэн биелгээ байдаг вэ. Тус тусын онцлог нь юу вэ?

-Торгууд ястны үндсэн - Их агсал/эрэгтэй хүн биелдэг,дуут биелгээ/,

- Цацал/ эрэгтэй эмэгтэй аль нь ч хамаагүй биелдэг бөгөөд цацал сүү өргөх ёс заншлыг үзүүлдэг/,

- Жудар/эмэгтэй хүн биелдэг. Хурдан түргэн хөдөлгөөнтэй эмэгтэй хүнийг дүрсэлдэг/,

- Эрээн хавирга/эрэгтэй эмэгтэй аль нь ч хамаагүй биелнэ. Эрээн хавирга гэдэг уулыг дүрсэлдэг/,

- Хэлхээ/эмэгтэй хүн биелнэ. Эмэгтэйчүүд гараараа хэлхэлдэн биелдэг/,

- Ховог/эмэгтэй хүн биелдэг. Ховог гэдэг нь ястаны нэр/,

- Найман гуа арслан/эрэгтэй хүн биелдэг дуут биелгээ. Эр хүний сүр хүчийг харуулдаг/ гэсэн долоон биелгээ байдаг. Мөн хөдөлмөрийн биелгээ гэж байдаг. Сур элдэх, ховоо татах зэрэг ахуйгаа биелгээндээ тусган үзүүлдэг.

-Ховог үндэстэн гэдэг нь?

-Торгууд ястан нь Ховог, Бангаахан, Бээл, Бээс гэж мөн хуваагддаг. Эмээ нь Бээлийн торгууд хүн. Бээл ястнууд нь жинхэнэ үндсэн торгууд хүмүүс байгаа юм. Дээр үед захирч байсан ноёны нэрээр ийнхүү нэрлэсэн гэдэг юм билээ.   

 -Та Бий-биелэг холбоонд хэзээ элсэв. Олон уралдаан наадамд оролцов уу?

- Би бий-биелэг холбоонд гурван жилийн өмнө элссэн. Тэрнээс хойш баруун бүсийн язгуур урлагийн их наадам гэх мэт олон тэмцээн уралдаанд оролцож авч болох бүхий л медалыг хүртлээ.

     Залуудаа 1979 онд Польш улсад болсон олон улсын язгуур урлагийн их наадамд оролцож байлаа. Тэр үед урлагийн хорооноос нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй баг явж байсан юм. Манай Ховдын булганаас надтай нийлээд дөрвөн биелээч оролцсон. Үүний дотор МУ-ын гавъяат жүжигчин Б.Дугар мөн явсан юм. Дугар гавъяатын хүү нь одоо гадаадад нэр алдартай их сүрхий бүжигчин хүү бий (МУ-ын гавъяат жүжигчин балетчин Д.Алтанхуяг). Бид дөрөв өөрсдөө товшуур, ихэл хөгжимтэйгээ Улаанбаатарт ирж байлаа. Аймаг аймгийн олон ястан үндэстэнүүд ирсэн учир биднийг нэгтгэн бэлтгэл хийлгэсэн юм. төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров бидний хөгжмийг найруулж байлаа. Тэр үед их залуу байсан даа. Урлагийн хорооны Ло.Цэнд-Очир гэж хүн биднийг удирдан авч явсан юм.

-Амжилттай оролцсон уу. Гадаад оронд очоод сонин содон зүйл их л үзэж хараа биз дээ?

- Өө тэгэлгүй яахав. Москва хотоор дамжин галт тэргээр явж, Польшид очсон юм. Нийт 21 орны уран бүтээлчид тэр наадамд оролцсоноос манай улс багаараа хүрэл медаль хүртэж байлаа. Бидэнд “Алтан навч” хамтлаг гэсэн нэр өгч бүгдийх нь энгэрт их л гоё навч зүүж өгч байсан юм. Мөн нэг нэгээрээ медаль шагнал олныг авч байсан. Тэр үед бид улс оронд очиж, газар үзэж сонирхох нь л сайхан байснаас биш тэр байр шагналыг нь тоосонгүй ээ.
     Польш улс нь хойд талаараа Чех улстай хил залгаа юм билээ. Нөгөө талд нь манай Богд уул шиг их сайхан уул байх юм. Бидний очсон уулнаас  тэр уул хүртэл торос татчихаж. Биднийг ч нэг амбаар шиг юманд суулгаад тэр торосоор гүйлгэчихлээ. Манай багийн Дугар гавьяат л “хөөе та минь тэр доошоо хараач. Тэр доор буга согоо, гахай торойтойгоо явж байна. Тэр хоёр улсын хил харагдаж байна” л гэнэ. Өнөөх амбаар маань ч модны үзүүр шүргэх шахуу л явах юм. Би юун доошоо харах манатай тасарчихвал яана гэж айсаар л явлаа. Энэ моднуудын дунд унавал юу ч үлдэхгүй байх даа гэж ч бодогдоно. Тэгж явсаар өнөөх сайхан уулан дээр очлоо. Тэр уул хоёр улсын хил байсан юм билээ.
     Тэнд очоод биднийг ресторанд ч орууллаа,өнөөх гүйлдээд байсан буга согоог ч харууллаа. Орой нь галын наадам болж улс орон бүхэн өөр өөрийнхөө урлагийн номерийг үзүүллээ. Тэр олон улсын хүмүүсээс Туркууд их сонин харагдаж байсан юм. Дугар гавьяат “ энэ туркууд чинь манай баруун нутгийн казакуудтай цус нэгтэй хүмүүс байгаа юм” гэж хэлж байсан.
     Маргааш нь манайханд дэлхийн хоёрдугаар дайны музейг үзүүллээ. Дотроо их муухай удсан нигширсэн үнэртэй. Аль болох болохгүй муухай юмыг нь бидэнд үзүүлнэ. Эмэгтэй хүний сүлжээтэй үс чиг л байх юм. Нэг шкаб шиг юмыг заагаад үүн дотор хүнийг дөрөв таваар нь хийж шатаадаг байсан л гэнэ. Жигтэйхэн их зэвүүцэж билээ.(Тэрхүү музей нь дэлхийн хоёрдугаар дайны үед фашистуудад хороогдон хэлмэгдсэн еврэйчүүдийн музей юм билээ). Буцахдаа харин Москва хотод очиж Лениний музейг үзэх л их сайхан байсан даа.

-Та хувцасныхаа талаар сонирхуулаач?

 -Энэ бол манай торгууд үндэсний хувцас. Тоохуу гутал, тоорцог малгай, авгай дээлтэй.
     Тоохуу гусангутал нь тов хийгээд байна аа

         Торгууд сэвгэр нь толгой дохиод байна гэж тоохуу гутлаа магтсан дуутай. Хувцсаа өөрсдөө оёж, гоёл чимэглэл зүүлт хийнэ.

-Тантай ярилцаж байхад их егөө үгтэй юм аа?

-Ер нь манай торгууд ястан их шооч хүмүүс л дээ. Нутаг оронд гаднын хүн ирэхэд түүнд зориулаад ямар нэг дуу шүлэг зохиож өгөөд явуулна. Дээр үед манай нутагт хасгуудын их айхавтар бослого гарч байсан юм. Түүнийг дарах гэж хотоос Дорж гэдэг генерал онгоцоор ирэв ээ. Тэр үед цас ихтэй учир тэр генерал нутгийн гүнрүү тэмээ унаж явсан юм. Гэтэл нутгийн мөн Дорж гэдэг нэртэй өвгөн     Агаараар ирсэн генерал нь
                                                                         Атан тэмээ унаад талийв аа гээд дуулчихсан байсан юм. Үүнийх нь төлөө сумын дарга нар хотоос ирсэн том даргыг доромжилсон гэж 25 мөнгөөр торгож л дээ. Тэрээр торгуулчихаад Хортой хоргүйг нь мэдсэнгүй
                                                          Хорин тавар торгуулчихлаа гээд мөн л дуулж явсан гэдэг.

-Тэр үед бүжиг концерт их болно биз?

-Бидэнд тоглох хөгжим их ховор олдоно. Мандалин, товшуур, гитараа тоглоод л улаан буландаа бүжиг явуулна шүү дээ. “Хүмүүн төрөлхтөн”-өө тоглоод л, “Жаахан дулмаа”-гаа дуулж бүжиглэнэ шүү дээ. Залуучууд ч их ирнэ. Шанз хөгжим их хожуу олдсон доо. Нэг шанз олж аваад түүнийгээ их хайрлана. Утсыг нь тасалчих вий гэж нэг нэгнээсээ нууна.

-Товшуур гэж ямар түүх домогтой хөгжим бэ?

- Товшуур гэдэг нь манай үндэсний хөгжим. Эрт дээр үеэс өөрсдөө урлаж хийж ирсэн. Улиас модыг ухаж их биеийг нь хийгээд аль сайн мориныхоо дэл сүүлээр хоёр чавхадсыг нь хийдэг. Модны давирхай түрхэж дуугаргадаг даа. Товшуур хөгжим маань мөн л ...Улиас гэдэг модоороо

Урлаж хийсэн товшуур

Унаган зээрдийн сүүлээр

Хялгасалж хйисэн товшуур

    Харгай гэдэг модоороо

    Харуулдаж хийсэн товшуур

    Хангал зээрдийн сүүлээр

    Хялгасалж хийсэн товшуур гэх мэт магтаалтай.

 - Биелгээгээ хийхээр нутаг ус тань нүдэнд үзэгдэх юм уу?

- Өө хэлээд яах вэ. Биелэж суухад “Эрээн хавирга”уул минь өөрийн эрхгүй нүдэнд үзэгдэж, урсгал сайхан гол горхи минь аль судгаар хэрхэн урсаа бол доо, тэр урсгалыг нь үзүүлэхсэн гэж бодогдоно. Заримдаа өөр биелэг хөдөлгөөн санаанд орж ирээд л байх юм. Насанд дарагдаад мартчих үе ч байх л юм. Биелэж суухад нас минь залуужих шиг болж сэтгэл санаа сэргээд өсөж төрсөн нутагтаа хүрч очих шиг санагдаж сайхан байдаг даа.

       Ийнхүү би дуу хураагчаа унтрааж бидний албан ёсны яриа өндөрлөсөн юм. Өө тэгээд л би чинь хөдөө суугаа эмээгээ санаад л сүүтэй банштай цайг нь уугаад амралтын нэгэн бүтэн сайн өдрийн хагасыг Дарьсүрэн гуайтай хамт өнгөрөөсөн байсан юм.  

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax