Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Бүгсэн гомдол билүүндээ идэгдэн мохохыг мэдрэв

бичсэн: ulaankaa, 2013-11-26, 22:40

Салхи гэмээнэ жавартай байдгийг

Даарч байж би мэдсэн

Нөмөр нөөлөг бодлоос чаргууцалдаж

Нүцгэн хүсэл тэртээ хол хаягдахыг харав

 

Сэтгэл гээмээнэ иртэй байдгийг

Өмөрч байж би мэдсэн

Тэвчээр тэсвэр өөдөөс хурцалж

Бүгсэн гомдол билүүндээ идэгдэн мохохыг  мэдрэв

 

Ганцаардал гэмээнэ хязгаартай байдгийг

Гал ус хоёр ганц ганцаараа эрчлэн  дуусдгаас би мэдсэн

Арга билгийн заяа тавилан ар нуруунаас угзархад

Амьдрал гэдэг жүжгийг цаг хугацаа гатчин шүүдгийг анзаарав


...

Харин би дөнгөж

бичсэн: ulaankaa, 2013-11-12, 22:08
Хэн нэгэн гал шиг дүрэлзээд
Надруу төөнөхөд

Хэн нэг шатаж дуусаад
Үнс болоход

Хэн нэгэн салхинд хийсээд
Замхран арилхад

Харин би дөнгөж
Цогшин үлдсэн байсан

Би Робот биш

бичсэн: ulaankaa, 2013-11-07, 17:54
Би Робот биш. Судсаар минь халуун цус урсаж, цээжин дотор минь зүрх гэдэг эрхтэн цохилдог.  Сэтгэл хөдлөлийн бүхий л илэрхийлэлүүд надаас гардаг. Миний тархи ядардаг. Тийм ч учраас би тархиа өөрөө удирдах, амраах эрхтэй.  Би ч гэсэн хүн. Би цахилгаан цэнэгээр ажиллаж, хүний  удирдлагаар хөдөлдөг робот биш.

Хайр болоод

бичсэн: ulaankaa, 2013-10-22, 13:43
Чадна
 Чамайг хүсэж байгаагүй юм шиг
Чанх урд чамайг зогсож байгааг хараад
Зөрөөд өнгөрч чадна
Би тийм зоригтойгоор
Чамд дурласан


Чадахгүй
Чи намайг харсан өдөр шиг
Намар намайг уйтгарлуулаад байхад
Эргүүлэггүй булаг шиг
Би тийм хүлцэнгүйгээр
Урсаад өнгөрчихөж чадахгүй

Яагаад гэвэл
Чамайг гэсэн
Дурлал минь хийсээд
Хайр болоод
Нар шиг мандчихсан


...

хуучны галт тэрэг шиг

бичсэн: ulaankaa, 2013-10-22, 13:42
Чиний эзгүй анхны шөнө...
Аймшиг гуниг тээсэн хуучны галт тэрэг шиг...

Харин тэртээгээс

 Залуу насны симфони
  Амьдрал гэж эгшиглэсээр....


Түгжмээргүй байна

бичсэн: ulaankaa, 2013-10-21, 19:06
Гадаа гарахаас халширна
Хүйтэн бас
Цас үсчин байна гэнэ
Хаалгаа нээмээргүй байна

Сэтгэлээ илчлэхээс эмээнэ
Намайг таниагүй бас
Зүрх минь хөлдүү гэнэ
Сэтгэлээ түгжмээргүй байна


Би аавын охин

бичсэн: ulaankaa, 2013-10-15, 22:53
Эмээгийн сүүтэй хормойноос
Зүүгдэн өсөж
 Хүн төлөвшил олсон
Би хөдөөний хүүхэд

Эцгийн монгол гуталыг
Түшин хөлд орж
Газар дэлхий дээр босож тэнцсэн
Би аавын охин










Тэр эмэгтэй

бичсэн: ulaankaa, 2013-10-11, 18:44
Амь-ны минь,
Аз жаргалын минь,
Анхны сүүн мөр
Тэр эмэгтэйн энгэр дээр гарсан

Тэр эмэгтэйн амьдралын мөр
Миний зүрхэн дээр
Мөнхөд гардаг

Тэр эмэгтэйн нэрийг
ЭЭЖ гэдэг

Мөрийг минь илбээд

бичсэн: ulaankaa, 2013-10-10, 21:05

Онгон шаргал талын

Явган салхи чи

Үсээр минь наадаад завгүй

 

Орой үгүй тэнгэрийн

Дуншаа бороо чи

Мөрийг минь илбээд завгүй

 

Нүцгэн цагаан улиасны

Сүүлчийн навчис чи

Сэтгэлийг минь татаад завгүй

 

Цэлхэрсэн бүгээн өглөөний

Норсон болжмор

Харцыг минь татаад завгүй

 

Атгахан тархиндаа

Хүсэмжит ертөнцийг бүтээгээд

Би  ч өөрөө завгүй


...

Өвлийн чимээг түгээлээ

бичсэн: ulaankaa, 2013-10-09, 16:46


Өмнө минь борооны дусал унана

Уулын орой дээр цасны ширхэг цайрна

 

Нойтон модод

Навчсаа гөвхөө мартаад

Норсон мөчиртөө

Цасны тухай сануулна


Ай намар цаг чи

Сүүлчийн бороо

Анхны цаснаар

Сүүмгэр саарал

Өвлийн чимээг түгээлээ